/2022.10.24/: УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит даваа гарагийн хуралдаанаар дараах асуудлаар мэдээлэл сонслоо.
Үүнд,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл
- Нийгэм эдийн засгийн бодит байдал, статистик үзүүлэлтийн талаарх мэдээлэл багтав.
Нийгэм эдийн засгийн бодит байдлын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэл танилцууллаа. Тэрээр, төлбөрийн тэнцлийн урсгал зардал сүүлийн 12 жил хос алдагдалтай явж ирсэн. Эдийн засгийн өсөлт дунджаар 4.4 хувь байгаа бол хэлбэлзэл нь 5.5 хүрсэн.
Өсөлтөөсөө хэлбэлзэл нь өндөр байгаа нь макро эдийн засаг тогтворгүй байдалд нөлөөлж байгааг дурдав. Түүнчлэн ирэх онд ядуурал 42.2 хувьд хүрэх эрсдэл бийг, мөн гадаад өрийн төлөлт эдийн засагт дарамт учруулах магадлалтайг тайлбарлав.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд, ирэх онд Монгол Улс 5.7 тэрбум ам.долларын гадаад өр төлнө. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдлыг улам нэмэгдүүлж гадаад өрийн эрсдлийг улам өсгөх магадлалтай. Ер нь өнөө маргаашаа аргацаасан бодлого Монгол Улсыг эдийн засгийн хувьд чөтгөрийн тойрогт оруулсан гэж дүгнэлээ. Мөн хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа есөн хувьд багтсан өрхийн амьжиргааны төвшинг хэрхэн тодорхойлсон. Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт багасч буйд нөлөөлсөн хүчин зүйл болон инфляцийг тооцох аргачлалын талаар Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагаас асуулт асууж, хариулт авлаа.
Эх сурвалж: АНБ