/2022.10.21/: Украины эрчим хүчний албаныхан өчигдөр хуваарийн дагуу, зарим тохиолдолд яаралтай болон горимоор цахилгаан таслахаас өөр аргагүй гэж мэдэгдэв.
ОХУ Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсанаас тус улс эрчим хүчний хүчин чадлынхаа 40-өөс доошгүй хувийг алджээ.
Энэ хооронд Украины өмнөд хэсгийн Херсон мужийн Оросын эзэмшилд байгаа хэсэгт байлдааны ажиллагаа ширүүсч байгаа бөгөөд эрх баригчид 60,000 энгийн иргэнийг "нүүлгэн шилжүүлэх" оролдлого хийж байгаа ч хүмүүнлэгийн байгууллагууд ийм стратеги нь хүний эрхийг зөрчиж болзошгүйг анхааруулж байна.
Цахилгааны хязгаарлалт:
Украины төрийн эрчим хүчний компани Киев болон төвийн бусад бүс нутагт цахилгааны түр хязгаарлалтаа сунгалаа. Эрчим хүчний агентлагийн мэдээлснээр Харьков, Сумы, Полтава хотыг "түр хяналттай хязгаарлалт"-ын жагсаалтад нэмж оруулсан байна.
Олон улсын холбоотнуудад хандав:
Украйны Гадаад хэргийн яам дипломатууд цахилгаан тасрах, эвдэрсэн дэд бүтэцтэй тэмцэхийн тулд хийн тээврийн системд генератор, тоног төхөөрөмж нийлүүлэх хүсэлтийг олон арван олон улсын болон төрийн бус байгууллага, хувийн компаниудад хандсан гэж мэдэгдэв.
Херсоны нүүлгэн шилжүүлэлт:
Одоогийн байдлаар Херсон мужийн 15,000 орчим энгийн иргэнийг фронтын шугамаас "нүүлгэн шилжүүлсэн" гэж Москвагийн дэмжлэгтэй бүс нутгийн удирдагч Кирилл Стремусов өчигдөр мэдэгдэв. Украины эрх баригчид нүүлгэн шилжүүлэлтийг "суртал ухуулгын шоу" гэж үгүйсгэж, Москваг оршин суугчдыг айлгах гэж байна гэж буруутгаж байна.
ОХУ, Беларусь:
Украины цэргийн өндөр албан тушаалтны хэлснээр, Орос улс Беларусьтай хамтран ажиллах замаар дайнд шинэ фронт нээх аюул улам бүр нэмэгдэж байна. Беларусийн эрх баригчид дайнд оролцохгүй гэж байгаа ч энэ жил олон тооны сургалт, бэлэн байдлын сургуулилт хийж, саяхан Оросын цэргүүдтэй хамтарсан хүчин байгуулахаа зарласан гэв.
Орос-Ираны харилцаанд АНУ анхаарал хандуулж байна:
АНУ-ын Төрийн департамент Москва Ираны нисгэгчгүй онгоцыг Украинд цохилт өгөхдөө ашиглаж байгаа тухай "арвин нотлох баримт бий" гэж хэлж байгаа ч Тегеран удаа дараа няцаасаар ирсэн. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський Ираныг Оросоос "цустай мөнгө" авсан гэж буруутгасан бол Их Британи, ЕХ тус тусад нь нисгэгчгүй онгоцнуудын улмаас Тегераны эсрэг хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв.
Дэлхийн хүнсний хямрал:
ОХУ-ын Гадаад хэргийн яам дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд хүнс, бордооны бүтээгдэхүүн экспортлоход бэлэн гэдгээ мэдэгдсэн ч Москвагийн зүгээс энэхүү алхамыг хийхэд "хүнд байдалд оруулсан" АНУ-ыг буруутгаж байна. Орос Украиныг эзлэн түрэмгийлсэн нь дэлхийн хүнсний хямралыг улам хурцатгалаа.
Эх сурвалж: CNN