/2022.10.18/: “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монголын тамирчид ХБНГУ-ын Заарбрюкен дахь Олимпын бэлтгэлийн төвд бэлтгэл сургуулилт хийх боломж бүрдлээ.
УИХ дахь Монгол-Германы бүлгийн дэд дарга, УИХ дахь Биеийн тамир спортыг дэмжих бүлгийн дарга Ц.Мөнхцэцэг ЭСЯ-ны цэргийн атташе С.Самдангэлгийн хамт ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч, Германы Батлан хамгаалах яамны сайд асан Рудольф Шарпингтай өнөөдөр Франкфурт хотноо уулзжээ.
Уулзалтаар Монгол-Германы хоорондын спортын харилцааг өргөжүүлэх, Монголын залуу тамирчдыг Германд сургах, улсын шигшээ багийн хамтарсан бэлтгэл хийлгэх, Монголын дасгалжуулагч нарыг урт, богино хугацааны сургалтад хамруулах, Германы дугуйн клубүүдтэй хамтын ажиллагаа тогтоох, ханан дугуй буюу Track-ийн дугуйчдыг бэлтгэх, эмэгтэй дугуйчдыг дэмжих тухайд хамтран ажиллахаар болов.
ХБНГУ-ын Дугуйн холбооны ерөнхийлөгч Рудольф Шарпинг Монголын дугуйн спортыг дэмжин ажиллахаас гадна “Парис-2024” олимпын наадамд оролцох Монголын спортын бүх төрлийн тамирчдыг ХБНГУ-ын Заарбрюкен дахь “Olympischen Dorf” буюу Олимпын тосгонд байрлуулан бэлтгэл хийлгүүлэх асуудлыг дэмжье гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: БТСУХ