/2022.10.17/: Нэгэн сувилагч нярай хүүхдүүдийг санаатайгаар амийг нь хөнөөсөн хэргийг Английн шүүх хэлэлцэж байна.
Люси Летби 2015, 2016 онуудад Честерийн эмнэлэгт долоон нярайг хөнөөсөн, өөр 10 хүүхдийн амийг хөнөөхийг завдсан хэрэгт буруутгагдаж байгаа юм. Гэвч 32 настай Летби өөрт нь тулгаж буй 22 ялыг үгүйсгэжээ.
Летби хохирогч болсон нэг бяцхан охиныг гэхэд хий тарьж алахыг завдсан гэж Манчестер Краун шүүхэд мэдэгдсэн байна.
Прокурорын нээлтийн мэдэгдлийг гурав дахь өдрөө үргэлжлүүлэхдээ Ник Жонсон "Люси Летби тухайн хүүхдийг алах гэж 4 удаа оролдсон бөгөөд 4 дахь удаад хүүхдийг хөнөөсөн" гэв.
Сүүлчийн оролдлогын үед эмнэлгийн дохиолол дуугарахад өөр нэг сувилагч Летбиг инкубаторын дэргэд байгааг харсан бөгөөд тэр өглөө хүүхэд нас баржээ.
Ноён Жонсон хэлэхдээ: "Хүүхэд хэдийгээр дутуу, жин багатай төрсөн ч хоёр сарыг даван туулж тухайн сувилагч дээр очих үедээ бие тэнхээ нь сайжирсан байсан" гэв.
Летби өөрийн хөнөөсөн хүүхдийн эцэг эхэд эмгэнэл илэрхийлсэн ил захидал илгээдэг байжээ.
Нэгэн эмч Летбиг өөр нялх хүүхдийн амийг хөнөөхийг завдсан гэж сэжиглэж байсан бөгөөд энэ тухайгаа шүүх танхимд мөн ярьжээ.
Хүүхдийн зөвлөх эмч Рави Жаярам 25 долоо хоногтой нярайг төрүүлэхэд тусалсан бөгөөд дараа нь Летбиг хүүхэдтэй ганцаараа байсныг мэджээ.
Ноён Жонсон тангарагтны шүүгчдэд хэлэхдээ: "Хүүхдийн амиа алдсан хэрэгтэй Люси Летби хамааралтай байж болзошгүй гэж сэжиглэж эхэлсэн тул доктор Жаярам хатагтай Летби хаана байгаа болон дөнгөж төрсөн нярай хаана байгааг шалгахаар шийдсэн байна. Түүнийг дотогш ороход Летби хүүхдийн инкубаторын дэргэд зогсож байхыг харжээ.
"Доктор Жаярам хяналтын дэлгэцнээс Хүүхдийн хүчилтөрөгчийн ханалтын түвшин 80-аас доош буурч байгааг харсан. Уг нь хүүхдийн хүчилтөрөгчийн хэмжээ буурахад түгшүүрийн дохио дуугарах ёстой байсан" гэж тэр хэлэв.
Доктор Жаярам хүүхэд амьсгалж байгаа шинж байхгүйг олж мэдээд хатагтай Летбигээс ямар нэгэн зүйл тохиолдсон эсэхийг асуухад тэрээр "Тэр дөнгөж сая муудаж эхэлсэн" гэж хариулжээ.
Харин тэр үед доктор Жаярам хүүхдийн амьсгалын хоолой мултарсан байсныг олж мэдсэн байна.
Прокурор хэвийн нялх хүүхдэд ийм зүйл тохиолдох боломжтой ч тухайн нярай нь дутуу төрсөн мөн тайвшруулах эм хэрэглэсэн тул хоолойг мултлах ямар ч боломжгүй гэв.
Дараагийн удаа Летби тухайн хүүхдийн хажууд байхад нь мөн л түгшүүрийн дохио дугарсан бөгөөд энэ удаад хүүхдийн амьсгалын хоолой хэт гүн орсноос хүүхэд амиа алджээ. Энэ үед мөн л Летбиг шалгаагүй байна.
Энэ мэтээр тухайн сувилагчтай холбоотой хэргүүд ар араасаа илэрсээр байгаа аж.
Эх сурвалж: ВВС