/2022.10.17/ АН-аас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт албан шаардлага хүргүүлж мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ:
-Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хуралдаан өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөлөө. Энэ хуралдаанаар 2023 оны төсвийн төслийн талаар авч хэлэлцсэн. Хорооны гишүүдийн зүгээс ирэх оны төсөвт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Тодруулбал, эрх баригч нам 2023 оны төсвийг сонгуулийн төсөв болгож оруулж ирж байна гэж үзэж байна.
Тиймээс бидний зүгээс ирэх оны төсвийг бүхэлд нь эргүүлэн татах, төсөвт тусгагдсан зарим асуудалд тодорхой саналуудыг тусгах шаардлагыг хүргүүлж байна. Мөн нэр бүхий сайд, дарга нарыг огцруулах шаардлага тавьж байгаа. Хэрэв төсвийг эргүүлэн татахгүй, алдаагаа засаж залруулахгүй бол цаашид Ардчилсан нам улс төрийн идэвхтэй тэмцэлд шилжинэ гэдгээ албан ёсоор хэлье.
Өнөөдөр улс орон, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал маш хүнд байна. Иргэдийн амьдрал, нэн ялангуяа амжиргааны түвшнээс доогуур иргэдийн байдал улам бүр хүндэрлээ. Цаг минут тутамд юмны үнэ өсөж, инфляц зах хязгаараа алдлаа. Төрөөс нийгэмд тустай бодит бодлого шийдвэр гаргахгүй байна. Попорсон, иргэдийн тархи толгойг угаасан үйл ажиллагаанд бүх хөрөнгөө зарцуулж байна. Сүүлдээ УИХ-ын дарга нь хүртэл төсвийн мөнгөөр хүүхэлдэйн кино хийлгээд тоглоод сууж байна. Ийм төр удирдлагатай улс хол явахгүй. Тиймээс сөрөг хүчний намын хувьд шүүмжлэлтэй хандаж байна гэв.