/2022.10.14/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 2022 оны аравдугаар сарын 14-ний өдөр бараалхав.
Тэрбээр ХБНГУ-д хийж буй албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад чухал түлхэц болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын хувьд ХБНГУ нь Европ дахь гол түнш, гуравдагч хөрш тул хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж, иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж байгаа Монгол, Германы харилцаа, хамтын ажиллагааг стратегийн түншлэлд хүргэхийг зорьж буйгаа тэмдэглэв.
Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг нийтлэг үнэт зүйлстэй Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ-д албан ёсны айлчлал хийж байгаад баяртай байгаагаа Холбооны Ерөнхийлөгч илэрхийлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал нь хоёр орны харилцааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухам үүрэгтэйг онцоллоо.