Ерөнхий сайдын хэлсэн үгнээс ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын хэлсэн үгнээс ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ

/2022.10.6/ УИХ-ын чуулганы индрээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсвийн төслөө танилцууллаа. Төрийн хэмнэлтийн тухай хууль хэрэгжсэнээр 2023 оны төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал Төрийн хэмнэлтийн тухай хууль болон Цахим шилжилтийн хүрээнд нэг их наяд төгрөгөөр хэмнэгдэх тооцоолол гарч байгаа ажээ. Гол нь Засгийн газрын өргөн барьсан төслийг тэгж их өөрчлөхгүй байхыг Ерөнхий сайд хүсэж буйгаа илэрхийллээ.

Түүний хэлсэн үгнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

1. 2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.

2. 2023 онд Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.

3. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно. Ямар ч улс төржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

4. Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулна.

5. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.

6. Шинээр санхүүжүүлэх төслүүдийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцүүлж, Эдийн засгийн хөгжлийн яам нэгдсэн байдлаар төлөвлөж, Сангийн яам санхүүжүүлдэг тогтолцооны реформ руу шилжинэ.

7. Засгийн газраас 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд биечлэн удирдаж, олон улсад улсынхаа нэр хүндийг өсгөхөд онцгойлон анхаарна.

8.Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна. Мөн Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.

9.Орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн зохион байгуулна.

10.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүлээн авахыг хүсвэл ЭНД ДАРНА уу.

Хүн амины ноцтой хэргийг илрүүллээ
Хүн амины ноцтой хэргийг илрүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.