/2022.10.06/ УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Эдийн засаг бодитоор хүндэрч эхэллээ. 2023 онд улам таагүй байх магадлалтай байна. Энэ нөхцөл байдлыг халамжийн бодлого явууллаа гэхээс илүүтэй аргацаасан бодлогуудын үр дүнд бий болсон гэж хэлэх нь зүйтэй.
Монгол Улс ирэх жил 1.5 тэрбум доллартай тэнцэхүйц хэмжээний өр төлөх ёстой. Гэвч төлнө гэхээр валютын нөөцгүй. Нөгөө талаас бид өрийг өрөөр дардаг дархан мэхтэй. Дархан мэхээ хийх гэсэн чинь бондын зах зээл уначихсан байгааг та нар бүгд мэдэж байгаа. Гадаад хөрөнгө оруулалт гэж тоолдог байсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт нь бараг ирэх жил дуусна. Тэгэхээр энэ байхгүй. Төсөв тэлчихсэн. Бодит нөхцөл байдал маргах аргагүй ийм болчхоод байна гэлээ.