Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, санамж бичигт гарын үсэг зурсан билээ. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын бүлгээс Үндэснйи аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна.
Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан нам болон МҮАН нэгдэж, өчигдөр санамж бичигт гарын үсэг зурсан. Үзэл санаа үнэт зүйл нэгтэй хоёр нам тодорхой хугацааны дараа нэг улс төрийн хүчин болж ажиллах тохиролцоонд хүрлээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүндрэлтэй нөхцөл байдлыг амжилттай даван туулахад улс төрийн намуудын оролцоо маш чухал. Ардчилсан нам үндэсний хэмжээний намынхаа хувьд ардчиллын төлөөх намуудыг нэгдэхийг уриалж байна. Манай намын үүд хаалга үргэлж нээлттэй. Монголд бүртгэлтэй 36 улс төрийн нам, хүчин байна. Эдгээр нам нэгдэж чадвал өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, хязгаарлах бүрэн боломжтой.
МАН-ын хувьд сонгуульд ялахдаа нийт сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан. Харин нийт сонгогчдын 50 гаруй хувийн саналыг авсан бусад улс төрийн намууд нэгдэх хэрэгтэй.Бид цаашдаа хамтарч улам их ажлыг хийж чадна. Цаашдаа Монголын төр улам тогтворгүй, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна. Дэлхийн банкны мэдээллээр Монгол Улсын өрийн тааз 100 хувь болсон.
Дахин өр нэмэх боломжгүй гэдгийг анхааруулж байна гэсэн. Сүүлийн гурван жилийн улсын төсвийн алдагдлыг авч үзвэл, 10 орчим их наяд төгрөгт хүрч байна. Бид ийм эдийн засаг, нийгмийн алдагдалтайгаар буруу бодлого хэрэгжүүлж улс орны хөгжлийг хязгаарлаж буй энэ цаг үед дуугүй байх эрхгүй. Ардчилсан нам сүүдрийн парламентаа байгуулж, бодлогын үйл ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үндэсний бодлогын 11 хороог байгууллаа. Бид эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, хийж буй ажлуудад хяналт тавина. Үндэсний бодлогын хорооны намрын ээлжит хуралдааны нээлтийг аравдугаар сарын 13-нд эхлүүлнэ" гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Ардчилсан намын бүлгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд албан бичиг илгээж байна. Улс орны өмнө нэн хариуцлагатай үе ирлээ. Үнийн өсөлт дийлдэхгүй, ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтож байна. Гэтэл 2023 оны улсын төсөв бялуурсан, нөгөө л сайд дарга нараа тэжээсэн төсөв баталлаа. УИХ-ын Засгийн газарт тавих хяналт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байхгүй болсон. Цаашдаа УИХ хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо. Засгийн газар ямар ч хяналтгүй их мөнгө зарцуулж, үр дүнгүй ажиллаж байна.
Өнгөрсөн зун дайныг өдөөсөн ОХУ-ын цэргүүдтэй хамтарсан бэлтгэл хийж, ард түмнийг айдас түгшүүрт автууллаа. Мөн алс дорнодод монгол цэргүүдийг аваачиж, цэргийн сургуулилалт хийлээ. Монгол Улс дайныг эсэргүүцдэг. Гэтэл ОХУ-тай хамтран цэргийн сургуулилалт хийсэн нь буруу. Энэ талаар тайлбар шаардаж байна. Мөн эв нэгдэл хамгийн чухал. Гэтэл Ардчилсан намын бүлгийг хоёр хувааж, манай нөхдүүдийг ашиглан хагарал үүсгэлээ. Ардчиллын үнэт үйл бол Монгол Улсын Үндсэн хууль юм" гэв.