/2022.10.06/ УИХ-ын чуулганы хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Барьж буй бодлого нэг л явж өгөхгүй байна. Мэдээж хүндрэл бэрхшээлүүд байна. Дэлхий даяараа л тийм байна. Гэхдээ үүнтэй тэмцэнэ, зохицуулна гэж Засгийн газар, Монголбанк байдаг байлгүй дээ. Чуулган дээр орж ирээд ярьж байгаа зүйлийг нь сонсохоор Хятад тээвэр гацаагаад байна, ОХУ шатахуунаа валютаар зарж байна. Тэд нар буруутай гээд үүрэглээд яриад байх юм.
Ийм байж яаж ард түмний ахуй амьдрал, улс орны хөгжил ярих юм бэ. Хоосон танхимд Монголбанкны хэдэн нөхөр л сууж байна. Эд нарыг загнаад ямар нэмэр байхгүй. Зүгээр төсвийнхөө бодлогыг уялдуулах шаардлагатай байна. Төсвийн үр ашиггүй зарцуулалтыг зогсоож, тойргийнхоо мөнгийг болиул гэж олон удаа хэлсэн. Бодлого чинь буруу байна. Бодлого чинь нэг байж чадахгүй байна. Хүчээ нэгтгэе гэж дөвчигнөхийн оронд бодлогоо нэгтгээч.
Та нар угаасаа үнийн өсөлтийг зогсоож чадахгүй юм байна. Эдийн засаг хөгжлийн сайд чинь хүртэл "Хууль батлаад үнэ тогтворжихгүй" гэж хэллээ. МАН-ынхан дотроо бодлогоо зохицуулж, ард түмнээ бодож юм хийхгүй бол энэ улс дампуурлаа гэв.