/2022.10.06/ Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр:
-Өнгөрсөн зургаадугаар сард ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Үүнтэй холбоотойгоор би УИХ-д хоёр асуудал тавьсан. Нэгдүгээрт, УИХ-аас тавьсан Д.Одбаяр, Г.Баясгалан зэрэг гишүүдийг эргүүлэн татах. Хоёрдугаарт, Хууль бус үйлдэлтэй нь холбоотойгоор би УИХ-ын гишүүний хувьд ҮХЦ-д гомдол гаргасан байгаа. Эдгээр асуудлыг байнгын хороод хэлэлцэх ёстой. Гэвч энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй байна. Хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байгаад байна. Ер нь энэ асуудлыг УИХ-аар шийдэх ёстой юм байгаа юм. ҮХЦ улс төрчдийн захиалгыг биелүүлсэн. Дээрх асуудалд хариу өгөхгүй байгаа учир УИХ-ын дарга Г.Занданшатар таныг захиалагчдынх нь нэг гэж хардаж байна. Зургаадугаар сард та тойрогтоо очиж нэг сайн загнуулаад ирсэн. Үүнээс хойш 10 хоногийн дараа ҮХЦ-ийн шийдвэр гарсан байдаг.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Та УИХ-ын дэг зөрчиж Үндсэн хууль зөрчиж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Би хуулийн дагуу хүсэлт тавьсан. Энийг хэлэлцэх ёстой. Хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэсэн хүсэлтийг л тавьж байна. Та дарга болсон чинь үг дааж чадахаа байсан байна. Мөнхийн албан тушаалд очсон юм шиг ташуурсан байна. Үг дааж сур.
Үүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар хууль дагаж мөрдөж ажиллахыг сануулаад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн микрофоныг хаав.