/2022.10.06/: Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Ядуурлыг бууруулах Япон сан, Өндөр түвшний технологийн сангийн санхүүжилттэй Техник Туслалцааны 9440-MOН: Усны засаглалыг шинэлэг арга замаар хэрэгжүүлэх нь төслийн хаалтын хурал боллоо.
Төсөл хэрэгжүүлэгч байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын яам бөгөөд тус яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газар хариуцан 2018-2022 он буюу дөрвөн жилийн хугацаанд уг төслийг хэрэгжүүлж ирсэн юм. Техник туслалцааны төслийн гол зорилго нь сонгогдсон сав газар болох Орхон-Чулуут, Хэрлэн, Алтайн Өвөр говийн сав газрын усны нөөцийн менежментийн төлөвлөлт, түүнийг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд оршино.
Техник туслалцааны төслийг Австрали улсын Хүрээлэн буй орчны менежментийн олон улсын төв (ICEM) удирдан зохицуулж, Фреш Фоутс консалтинг, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, ШУА-ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнтэй түншлэн ажилласан байна.
Төслийн хаалтын хурлаар өнгөрсөн хугацаанд боловсруулсан сав газрын менежментийг сайжруулахад зориулсан бодлогын зөвлөмж, усны засаглалын чадавхыг бэхжүүлэх, сав газрын менежментийн төлөвлөлтийг сайжруулах шинэлэг технологи ба арга туршлагын талаарх ололт амжилт, хуримтлуулсан туршлага, мэдлэг болон цаашдын тогтвортой байдлын талаар санал солилцон хэлэлцүүлэв.
Төслийн хүрээнд Монгол орны усны салбарт өмнө нь хэрэгжиж байгаагүй шинэлэг туршилтын загвар төслийг хэрэгжүүлжээ.
Дурдвал,
1. Газрын доорх усыг зориудаар арвижуулах загвар төслийг Багануур дүүрэгт;
2. Автомат ус судлалын харуулыг Хэрлэн голын дагуу байгуулсан.
3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх хаягдал усны тоолуурыг нийт 4 аж ахуйн нэгжид суурилуулсан.
4. Усны чанарын хяналтыг сайжруулахад чиглэсэн Архангай аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн лабораторийг бэхжүүлэн итгэмжлэгдэхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангасан.
Төслийн хаалтын хуралд БОАЖЯ, АХБ, Монгол дахь Япон улсын элчид сайдын яам, ЖАЙКА, Барилга хот байгуулалтын яам, Усны газар, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Цаг уур, орчны шинжилгээний газар, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Туул, Хэрлэн, Орхон-Чулуут, Алтайн Өвөр говийн сав газар, Хэнтий, Дорнод аймгийн Ус цаг уурын станц, олон улсын донор байгууллагын нийт 50 гаруй төлөөлөл оролцлоо.