/2022.10.5/ Монголбанкны өнөөдрийн зарласан америк долларын ханш 3352,42 төгрөг байна.
Харин валютын захад нэг америк доллар 3460 төгрөгтэй тэнцэж байна. Зөрүү нь 108 төгрөг. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд америк доллар олдохгүй, банкууд өдөрт нэг хүнд 300 америк долларыг л гаргах боломжтой байгаа юм. Энэ нөхцөл цаашид хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Банкууд дээр 300 доллараас илүүг зарахгүй гэсэн хязгаарлалт хийчихээд тайван суугаад байна. Гэтэл гадуур амьдрал дээр юу болж байна гээч. Бүх их сургуулийн оюутнууд ямар бизнес хийж байгааг хэлэх үү? Надад 100 сая төгрөг байна гэж бодъё. Оюутан хүүхдүүдийг хөлсөлж банкууд руу оруулаад, 300 доллар солиулж байна. Ингээд валютын зах дээр аваачаад зарчихаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар л гэхэд ханшийн зөрүү нь 108 төгрөг байгаа биз? Өдөрт энэ маягаар хэдэн удаа эргэлт хийнэ. Ийм бизнес хавтгай болж байна. Энэ бизнесийг бүх ББСБ, банкууд хийж, ерөөсөө мөнгөтэй хүмүүс энэ бизнес рүү орж байна. Гэтэл яг доллар хэрэгтэй хүмүүс, аж ахуйн нэгжүүд нь доллараа авч чаддаггүй, доллар олддоггүй. Монголбанк бодит ханшаа зарлачихвал ийм зохиомол бизнес гарахгүй, зохиомол хомсдол үүсэхгүй.
-Монголбанкны ч юм уу, ер нь банкуудын ашиг сонирхлын зөрчил энд байж болох уу?
-Тийм л хардалт үүснэшд. Иргэдийг ийм бизнес хийж байна гэж буруутгах арга байхгүй. Энэ бол буруу бодлогын л үр дүн.