/2022.10.05/ Базелийн Мөнгө угаахын эсрэг индексийн 2022 оны үр дүн гарчээ.
Ашгийн бус, бие даасан байгууллага болох Базелийн институт нь улс орнуудын мөнгө угаах/терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэг гарах эрсдлийг тооцох, эрэмбэлэх зорилго бүхий энэхүү индексийг анх 2012 онд зарлаж байжээ.
Энэ удаагийн индексийн үр дүнгээр хамгийн их эрсдэлтэй улс орны жагсаалтад Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (үнэлгээ 8.30), Хаити (8.16), Мьянмар (8.39), Мозамбик (7.68) зэрэг улс орнууд орж байгаа бол хамгийн бага эрсдэлтэй улс орнуудад Тайвань (4.04), Австрали (3.65), Шинэ Зеланд (3.32) зэрэг улс орсон байна.
Харин Монгол Улс (үнэлгээ 5.86) 93 дугаарт жагсаж, Ази Номхон далайн бүс нутгийн 23 орноос 16-т орж оноо буурлаа. Үүнээс өмнө буюу 2021 онд Монгол Улс 110 орноос 84-т, бүс нутгийн 22 улсаас 16-т буюу эрсдэл өндөртэй улсад орж байжээ.
Индексийн үнэлгээ нь 0-10-ийн хооронд утга авах бөгөөд 0 бол эрсдэлгүй, 10 бол өндөр эрсдэлтэйг илэрхийлж байгаа юм.
Базелийн Мөнгө угаахын эсрэг индекс нь улс орнуудын хэмжээнд явагдаж буй хууль бус санхүүжилт, шилжүүлгийн бодит дүнг тооцдоггүй. Харин тодорхой тооны шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн тухайн улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх явдалд өртөх эрсдлийг үнэлэн гаргадаг байна.