БОАЖ-ын сайд “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлыг нээж үг хэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлыг нээж үг хэллээ

May be an image of 1 person and standing

/2022.09.23/: Тэрбээр “Уул уурхай ба ногоон хөгжил” бага хурлыг нээж хэлсэн үгэндээ, “байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд талуудын оролцоо чухал” гэдгийг онцоллоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

Уул уурхайн салбар нь төслийн бүхий л шатанд хүрээлэн буй орчин болон орон нутгийн иргэдийн амьдралд нөлөөлдөг. Эдгээр нөлөөлөл шууд буюу дам эсхүл тэдгээрийн нийлбэр нь хянан зохицуулагчид, орон нутгийн ард иргэд, хөрөнгө оруулагчид, төрийн бус байгууллага болон ажилчид төсөл хэрэгжүүлэх үйл явдлыг эмзгээр хүлээн авахад хүргэдэг билээ.Иймд сүүлийн жилүүдэд хариуцлагагүй уул уурхайн төсөл хэрэгжүүлсэн зарим нэг аж ахуй нэгж, иргэдийн буруутай үйл ажиллагаанаас болж эрдэс баялгийг олборлох зорилгоор газрын зөвшөөрөл авах явдал улам бүр хэцүү болж байгаа нь уг салбарын уул уурхайн тогтвортой хөгжлийн өмнө тулгарч байгаа гол эрсдэл болоод байна.

Энэ чиглэлээр эрсдлийг багасгаж тогтвортой ахиц дэвшил гаргахын тулд Монголын уул уурхайн компаниуд, төрийн захиргааны байгууллагууд, бүхий л оролцогч талууд тогтвортой хөгжлийг тэргүүний зорилт болгож, улмаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд тууштай байгааг нотлох хэрэгтэй юм.

Монгол Улсад уул уурхайн бүх төсөл, уул уурхайн нөхөн сэргээлтийг заавал хийх хуулийн үүрэг хариуцлага хүлээдэг хэдий ч зарим хөрөнгө оруулагч, лиценз эзэмшигч, олборлогч нар хойш суух, ашгийг нь аваад алга болсон эзэнгүй хаясан нийт 8000 орчим га талбай үүсээд байна.

2022 оны байдлаар улсын хэмжээнд хийгдсэн эвдэрсэн газрын тооллогын дүнгээр нийтдээ 30 мянган га талбай эвдэрсэн судалгаа бий. Тухайлбал, уул уурхай, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтоос эвдэрсэн талбай 28 мянган га байгаагаас хариуцах эзэнтэй 21 мянган га, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж ашиглаж байгаад орхиж явсан, гар аргаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч хариуцах эзэнгүй орхигдсон 7 мянга гаруй га талбай үлджээ.

May be an image of 9 people, people standing and indoor

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд туссан уул уурхайн үйл ажиллагааны нутгийн байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах, улмаас эвдрэлд орж орхигдсон газрыг нөхөн сэргээх ажлыг төлөвлөсөн хугацаанд хэрэгжүүлэхэд төв, орон нутаг төсөл хэрэгжүүлэгч, бусад талуудыг өргөн хүрээтэй татан оролцуулах шаардлагатай байна.

Нөхөн сэргээлт нь уул уурхайн төслийн эхний шат дамжлагаас эхлэн уул уурхайг хаах болон газрын төлбөр барагдуулах хүртэлх бүхий л үе шатанд үргэлжилдэг үйл явц тул БОАЖЯ энэ бодлогыг цаашид хатуу мөрдөж ажиллах болно гэдгийг хэлмээр байна.

2022 оны есдүгээр сарын байдлаар 283 аж ахуйн нэгж байгууллагын байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд техникийн нөхөн сэргээлт 507.77 га, биологийн нөхөн сэргээлт 306.2 га, дүйцүүлэн хамгааллаар 1388,8 га талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр тусгагдсан бөгөөд нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд “Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлтийн аргачлал”-ыг батлуулж, эвдэрсэн газрыг ургамалжуулах тухай MNS5918:2008 тоот стандартыг шинэчлэх төсөлд холбогдох байгууллагуудаас санал авч ажиллаж байна.

Мөн Монгол Германы Засгийн газар хооронд байгуулсан гэрээний хүрээнд

"Германы гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн“-тэй хамтран 2.5 сая еврогийн хөрөнгө оруулалттай “Монгол Улсын байгаль орчинд ээлтэй уул уурхай” төслийг 2023 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд болон биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах ажлын дагуу жил бүрийн үйл ажиллагааны төсвийн төлөвлөгөөнд 2021-2024 онд нийт 2000 га талбайг нөхөн сэргээх зардлыг тусгахаар шийдвэрлэж, 2022 онд 807 га талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг эхлүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин хамтран ажиллаж байгаа “Оюу Толгой” ХХК, “Эрдэнэт” ТӨҮГ уул уурхайн компаниуд болон тэдгээрийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

Цаашид бид ашигт малтмалын нөөц болон байгалийн нөөцөд учирсан хохирлын нөхөн төлбөрийн орлогоос эзэнгүй орхигдсон, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлыг санхүүжүүлэх эрх зүйн зохицуулалтыг шинэчлэх, уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг хангах хүрээнд уул уурхайн нөхөн сэргээлтийн норм, стандартыг тогтмол сайжруулж, боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэн дэмжиж ажиллах болно.

Эцэст нь уул уурхайн салбарын мэргэжилтнүүд, олборлогч компаниуд, байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүд, уул уурхайн хөрөнгө оруулагч, төрийн байгууллага, уул уурхайн орчинд амьдарч буй иргэд, орон нутагтай хамтран ажилласанаар байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болно гэдгийг хэлмээр байна гэсэн юм.

Эх сурвалж: БОАЖЯ

Николай: Олон буриад залуустай нэг машинд хилээр орж ирлээ
Николай: Олон буриад залуустай нэг машинд хилээр орж ирлээ
 
Улаанбаатарт маргааш -25 хэм, хүйтний эрч чангарна
Улаанбаатарт маргааш -25 хэм, хүйтний эрч чангарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.