/2022.09.23/: ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин уржигдар Орос улс даяар хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байгаагаа мэдэгдсэн.
Тэгвэл үүнтэй холбоотой ОХУ-д өрнөж буй үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
- Дайны эсрэг жагсагчдыг баривчилж, шууд цэрэгт татсан гэж хяналтын хэсэг мэдэгдэв. Татгалзсан хүмүүсийг 15 жилийн хорих ялаар шийтгэнэ.
- Ялтангууд фронтод тулалдсаны хариуд эрх чөлөөг санал болгож байна.
- Дэлхийн 2-р дайнаас хойш үзэгдээгүй 300,000 хүний бүрэлдэхүүнтэй “хэсэгчилсэн дайчилгаа”-нд нөөцийн цэрэг, иргэдийг татан оролцуулсан.
- Дэлхийн удирдагчид Нью-Йорк дахь НҮБ-д цугларч, Путиныг буруушааж байх үед тэрээр шавхагдсан дайны машинаа дүүргэхээр улайрч байна.
- “Хэрэв Орос дайнаа зогсоовол дайн дуусна. Хэрэв Украйн дайнаа зогсоовол Украин дуусна" гэж Блинкен хэлээд АНУ Украинд үзүүлж буй дэмжлэгээ үргэлжлүүлнэ гэдгээ амлав.
Путин генералуудад шууд зааварчилгаа өгч байна
CNN-ийн сурвалжлагч Кэти Бо Лиллис пүрэв гарагт хэлэхдээ, Путин генералуудад шууд зааварчилгаа өгч байгаа нь орчин үеийн дайн тулаанд ховор тохиолддог бичил удирдлагын түвшин болон Оросын армийн үйл ажиллагааны доголдлын нотолгоог харуулж байна гэв.
"Батлан хамгаалах шугамыг бэхжүүлэхийн гол хүчээ хаана төвлөрүүлэх талаар тохиролцож чадахгүй байгаа цэргийн удирдагчид стратегийн талаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байна" гэж АНУ-ын тагнуулын албаны олон эх сурвалж хэлж байна".
Оросууд дайчилгаанаас зугтан дүрвэж байна
CNN Travel агентлаг Оросоос гарах нислэгийн сонирхол нэмэгдсэн талаар мэдээлэв. ОХУ-ын хуурай замын хил дээр үүссэн урт цувааны гэрэл зургуудаас хүмүүс тус улсаас дүрвэн Казахстан, Гүрж, Монгол руу орж байгааг харуулж байна.
Орос улс шинээр татагдсан цэргүүдээ сургах боломж байхгүй
Хүмүүсийг зүгээр л цэрэгт албадах нь Путины асуудлыг шийдэж чадахгүй гэж CNN-ийн Брэд Лендон дүн шинжилгээ хийсэн байна. Тэрээр, Оросын арми ийм олон хүнийг сургах хүчин чадал болон хангамж байхгүй талаар шинжилгээний дүгнэлтэд бичсэн байна.
Цаашид Путиныг эсэргүүцэхэд улам хүнд болох болно
Надя Толоконникова бол Оросын тэрс үзэлтэн бөгөөд Pussy Riot гэгддэг идэвхтэн, уран бүтээлчдийн бүлгийг үндэслэгч гишүүн юм. Тэрээр Оросын шоронд хоёр жилийг өнгөрөөсөн бөгөөд пүрэв гарагт CNN-д хэлэхдээ Оросуудад Путиныг эсэргүүцэх нь улам хэцүү болно.
“Орост Путины эсрэг жагсаал хийх нь ямар хэцүү болохыг би сайн мэднэ. Гэвч түүний эсрэг хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байна" гэж тэр хэлэв.
"Путиныг эсэргүүцдэг хүмүүс жинхэнэ эрх мэдэлтэй байдаг бөгөөд энэ нь тэднийг хэлмэгдүүлсний гол шалтгаан болдог. Бид Путины үнэт зүйлээс өөр үнэт зүйл бүхий өөр Орос улсыг байгуулж байна. Бид барууны соёл иргэншлийн нэг хэсэг байхыг хүсч байна" гэв.
Эх сурвалж: CNN