/2022.09.22/: Хиагт дахь Орос-Монголын хил дээр автомашины том цуваа эгнэжээ. Хүмүүс Оросоос гарч, Буриадаар дамжин Монгол руу явах гэж оролдож байна гэж Киахта телеграм суваг мэдээллээ.
Хиагтад Эрхүүгээс 670 километрт, Улаан-Үдээс 228 километрт Монгол Улстай хиллэдэг шалган нэвтрүүлэх боомт байдаг. ОХУ-аас автомашин, галт тэрэг, онгоцоор визгүй зорчих боломжтой хамгийн ойр гадаад улс бол Монгол юм.
Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дайчилгаа зарласны дараа хүмүүс эх орноосоо бөөнөөрөө гарч эхэлсэн байна. Москвагаас хөрш зэргэлдээ Казахстан, Гүрж, Турк, Армен, Азербайджан болон бусад улс руу визгүй зорчих хамгийн ойрын шууд нислэгийн тийзийг агаарын тээврийн компаниудын вэбсайтууд болон тасалбар нэгтгэгчид үлдээлгүй хамсан байна.
Есдүгээр сарын 21-ний өглөө Путин нөөцөд байгаа иргэдийг цэргийн албанд татна гэж мэдэгдэв. Тэрээр "Юуны өмнө бид зэвсэгт хүчинд алба хааж байсан, мөн цэргийн тодорхой мэргэжил, туршлагатай хүмүүсийн тухай ярьж байна" гэв.
Дайчлах үед цэргийн бүртгэлтэй иргэдийг ОХУ-ын хилээр гаргахгүй гэж мэдэгдэж байсан ч хил нээлттэй хэвээр байгааг Хүний эрхийн төлөө тэмцэгч Павел Чиков онцлов. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хэлэхдээ, хилээр гарах эсэх талаарх тушаал удахгүй ирнэ гэв.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас хэсэгчилсэн дайчилгааны үеэр 300 мянган нөөц цэрэг татагдана гэж тооцоолсон байна.
Эх сурвалж: Sibreal.com