/2022.09.22/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчлэн дайчлах тухай зарлигт өчигдөр гарын үсэг зурсан билээ. Ингэснээр зөвхөн нөөцөд байгаа иргэдийг цэрэг татлагад хамруулж, Украинд хийж буй дайнд дайчлахаар болсон.
Үүний улмаас ОХУ даяар иргэдийн эсэргүүцлийн жагсаал өрнөж, өнөөдрийн байдлаар 1300 гаруй хүнийг баривчлаад байгаа юм. Түүнчлэн зарим иргэд нь ойролцоох улсууд руу хил давах зэргээр эх орноосоо гарахыг оролдож байгаа талаар тус улсын хэвлэл мэдээлж байна. Тухайлбал, Хиагт дахь Орос-Монголын хил дээр өнөөдөр автомашины том цуваа үүссэн байдалтай байгаа ажээ.
Тиймээс үүнтэй холбоотойгоор бид ГХЯ-наас ОХУ-д сурч, ажиллаж байгаа иргэд болон хилийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Ингэхэд, "Одоогоор ОХУ-д байгаа иргэдтэй холбоотой ямар нэг шийдвэр гараагүй байна. Мөн хилийн нөхцөл байдлыг ГХЯ-наас мэдэхгүй байна. Үүнийг ХХЕГ-аас тодруулах хэрэгтэй байх" гэсэн юм.