Насанд хүрээгүй хохирогчид үнэ төлбөргүй улсын өмгөөлөл үзүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй хохирогчид үнэ төлбөргүй улсын өмгөөлөл үзүүлнэ

/2022.09.07/: Хууль зүйн туслалцааны төв нь төлбөрийн чадваргүй яллагдагчид үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.

Өнөөдрийн байдлаар тус Төв нь нийслэлийн 8 дүүрэг, 21 аймаг болон хүн амын нягтаршил ихтэй 2 суманд, нийт 31 салбартай, 72 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Нийт албан хаагчдын 70 гаруй хувь нь улсын өмгөөлөгчид ажилладаг бөгөөд төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхээс хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг төлбөрийн чадваргүй байдлыг үл харгалзан өгч ажиллаж байна.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулга болох Хууль зүйн туслалцааны тухай хуулийг баталсан ба тус хуулийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Өмнө нь 2013 онд батлагдсан төлбөрийн чадваргүй яллагдагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулиар зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчид төрөөс хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан. Харин шинэчлэн батлагдсан Хууль зүйн туслалцааны тухай хуулиар төрөөс үзүүлэх хууль зүйн туслалцааны хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлээд байна. Тухайлбал:

  • Улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр 18 насанд хүрээгүй хохирогч, гэр бүлийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч хүүхэд, гэмт хэргийн гэрч хүүхэд, хүүхдийн эрх нь зөрчигдсөн хүүхдэд улсын өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр болжээ.
  • Мөн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон үл хөдлөх хөрөнгө, газар өмчлөх эрх нь зөрчигдсөн ахмад настан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх төрөөс хууль зүйн туслалцаа авах боломжтой.

Үүнээс гадна улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулж цалингийн хэмжээг прокурорын албан тушаалын цалинтай дүйцүүлэх зарчмыг баримтлан цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүрийг Засгийн газраас батлахаар хуульчиллаа.

Тухайлбал, аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 12 сарын, аймгийн төв алслагдсан дүүрэгт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа улсын өмгөөлөгчид таван жил тутамд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчилжээ.

Өмнө нь хууль зүйн туслалцааны байгууллага зөвхөн улсын төсвөөс санхүүждэг байсан бол Хууль зүйн туслалцааны тухай хуулиар тус байгууллага хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаанд зориулан хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс буцалтгүй тусламж, хандив аван санхүүжиж болохоор болжээ. Мөн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас Хууль зүйн туслалцааны байгууллагад холбогдох дэмжлэг үзүүлэх зохицуулалтыг тусган хуульчилсан байна.

Б.Баасандорж: 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрлээ
Б.Баасандорж: 507 тонн махнаас хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аюултай нян илэрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.