/2022.08.23/: Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах “Дөл-2022” цэрэг-спортын цогцолбор тэмцээн явагдахад бэлэн боллоо.
"Дөл"-д оролцохоор Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн хээрийн байрлалд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдгийн шилдэг ахлах ангийн сурагчдаас бүрдсэн баг тамирчид цуглараад байна.
Энэхүү тэмцээн нь Монгол Улсын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил төлөвшүүлэх, бие бялдрын болон ёс суртахуун, сэтгэл зүйн хүмүүжил олгох, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй цогцолбор тэмцээн гурван үе шаттайгаар явагдаж байна. Нэгдүгээр шатад аймаг, дүүргийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн хэмжээнд зохион байгуулагдаж, сургууль тус бүр нэг тасгийг шалгаруулсан бол хоёрдугаар шатад шалгарсан тасгуудаас аймаг, дүүргийн аваргуудаа тодруулж, өдгөө тэдгээр шилдэг сурагчид Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд ийн цуглараад байна.
Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний өмнөх бэлтгэл 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд, тэмцээн 8 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд явагдана. Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас энэ өдрүүдэд “Дөл-2022” цэрэг-спортын тэмцээнд оролцогчдын тэмцээний өмнөх бэлтгэлийг хангуулан ажиллаж байна.
Ташрамд сонирхуулахад, “Дөл” цэрэг-спортын цогцолбор тэмцээн нь 1984 оноос “Шонхор” тоглолт нэртэйгээр зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй. Ингэхдээ Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль болон үйлдвэр, албан байгууллагууд, сум нэгдэл, аймаг, дүүргүүдийн хэмжээнд жил бүр, улсын хэмжээнд 3 жил тутамдаа нэг удаа явагддаг байжээ.
Өдгөө Батлан хамгаалахын сайд, аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээнд тусгасны дагуу хоёр жилд нэг удаа аймаг, нийслэл, дүүрэгт уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
Харин Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2017 онд анх удаа зохион байгуулсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 3 баг оролцсноос тэргүүн байрт Өмнөговь, дэд байрт Баянхонгор, гутгаар байрт Дорноговь, тусгай шагналт байрт Сүхбаатар, Дорнод аймгийн баг тамирчид шалгарч байсан юм.
Эх сурвалж: ЗХЖШ