/2022.08.18/ Энэ хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургуульд 750 661 хүүхэд суралцах төлөвтэй байна гэж БШУЯ-наас мэдээллээ.
Нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг цахимаар зохион байгуулах юм байна. Тодруулбал, 6 настай хүүхдүүдийн урьдчилсан хуваарилалт сургууль бүрд хийгдсэн бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид маргаашнаас буюу наймдугаар сарын 18-наас эхлэн 25-ны өдрийг хүртэл И Монголиа цахим системээр нэвтэрч баталгаажуулах юм ажээ. Түүнчлэн энэ сарын 26-30-ны өдрүүдэд таны хүүхэд аль сургуулийн аль анги, бүлэгт хуваарилагдсаныг таны утсанд мессеж илгээн мэдэгдэх юм.
Ташрамд дурдахад, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг энэ өдрүүдэд ажиллах аж. Ажлын хэсэг хамран сургах тойргийн дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд хяналт тавьж, зөвлөн туслах юм байна. Ингэхдээ иргэд хүүхдээ хамруулахаар хамгийн ихээр ханддаг 17 сургууль, 15 цэцэрлэг, төрийн өмчийн 6 их сургуулийн үйл ажиллагааг онцгойлон анхаарна гэж холбогдох яамнаас мэдээллээ.