АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниор наймдугаар сарын сүүлээр Монголын баруун хэсэгт Оросын бизнесмен Умар Кремлёвтой хоёр өдөр хамт ан хийсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Умар Кремлёв өмнө нь Трамп Жуниорын хуримын баярын ёслолын зардалд хэдэн зуун мянган ам.доллар гаргаж байсан гэх мэдээлэл бий. Тэрээр Казахстанаас Монголын нийслэл Улаанбаатарт нисэн ирж, Трамп Жуниорын ангийн отог байрлаж байсан Монголын баруун хэсэгт очжээ. Ингэхдээ Оросын бизнесмен Артур Мартиросовын хамт аялсан бөгөөд Мартиросов нь АНУ-ын хоригт ороод буй Voskhod хөрөнгө оруулалтын сангийн түнш аж.
Тэд ховор ан, амьтдын нэг болох аргаль агнасан тухай эх сурвалж мэдээлсэн ба энэхүү уулзалт нь бизнесийн уулзалт бус зөвхөн ан агнах сонирхол дээр тулгуурласан уулзалт байсан хэмээн тодорхойлсон байна. Мөн тусгай хамгаалалтад байдаг Алтайн аргаль агнахдаа хууль ёсны зөвшөөрөл авсан эсэх талаарх асуудлыг мөн хөнджээ.
Энэхүү мэдээлэлд Трамп Жуниорыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй ч мөн уулзсан хэмээн мэдээлжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан сөрөг тагнуулын асуудал хариуцан ажиллаж байсан Холден Триплетт энэ уулзалтыг Оросын тагнуулын байгууллагуудын анхаарлыг татах эрсдэлтэй уулзалт болсон тухай анхааруулсан байна.

Эх сурвалж: Hromadske
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.