/2022.08.10/: Apple Arcade-ийн талаар та урьд өмнө сонсож байв уу?
Энэ бол алдартай видео тоглоомуудыг iPhone болон бусад Apple төхөөрөмжүүд дээрээ тоглох хялбар бөгөөд өртөг багатай арга юм. Видео тоглоомын үйлчилгээнд Apple харьцангуй хожуу нэгдсэн учир энэ үйлчилгээ төдийлөн олонд танигдаж амжаагүй байгаа ч ухаалаг төхөөрөмжид зориулсан тоглоомын ертөнцөд тодорхой өөрчлөлт авчирсаар байгаагийн дээр зөвхөн тус үйлчилгээнд зориулсан exclusive тоглоомуудтай болоод амжжээ.
Apple Arcade-д юу юу багтсан болоод хэр үнэтэй вэ?
Apple Arcade үйлчилгээ нь iPhone, iPad, Apple TV болон Mac-д зориулсан 180 гаруй тоглоомтой. Эдгээр тоглоомууд дунд бусад платформууд дээр хэдийнээ олны дунд түгсэн алдартай тоглоомууд байгаагаас гадна зөвхөн Apple Arcade-д зориулан хөгжүүлсэн тоглоомууд ч бий. Тус платформ дээрх тоглоомууд нь ямар нэг сурталчилгаа агуулаагүй, мөн тоглоомын явцад худалдан авалт хийлгэдэг ‘in-app purchase’ үйлдэл огт оруулаагүй гэдгээрээ онцлог юм.
Үйлчилгээнд холбогдохыг хүссэн хүн сард 5 ам.доллар, жилээр нь төлөх бол 50 ам.доллар төлөхөд л хангалттай. Мөн нэг үйлчилгээний эрхээ гэр бүлийнхээ 5 хүртэлх гишүүнтэй хуваалцан, дундаа ашиглаж болно. Гэр бүлийн гишүүн бүр тусдаа үйлчилгээний эрх авсантай нэгэн адилаар өөр өөр тоглоомуудыг татан авч, суулгаж, тоглох боломжтой ажээ.
Apple Arcade-д хэрхэн бүртгүүлэх вэ?
Apple төхөөрөмж ашиглан уг үйлчилгээг авахад амархан бөгөөд дараах алхмуудыг дагахад болно.
- Өөрийн iPhone, iPad, Apple TV, болон Mac дээрх App Store-ийг нээнэ.
- Arcade гэсэн tab дээр дарна.
- Урьд өмнө нь тус үйлчилгээг туршиж үзэж байсан эсэхээс хамааран Try It Free буюу Start Playing гэсэн сонголтууд гарч ирнэ.
- Сонголт хийгээд үргэлжлүүлснээр төлбөр төлөх, баталгаажуулах хэсгүүд гарч ирнэ.
- Хачирхалтай нь анх үйлчилгээний эрх нээхэд төлбөрөө жилээр нь төлөх гэдэг сонголт огт байхгүй. Зөвхөн сард 5 ам.доллар төлөх л сонголт байгаа. Тиймээс хэрэглэгч өөрийн iPhone, iPad дээрх Settings рүү ороод, өөрийн account нэр дээр дарж, Subscriptions-ийг сонгоно. Гарч ирэх сонголтуудаас Apple Arcade дээр дараад Apple Arcade Annual (1 Year) гэсэн сонголтыг идэвхижүүлснээр 1 жилийн эрх худалдан авах юм. Харин Mac ашиглаж байгаа тохиолдолд App Store нээгээд, өөрийн хэрэглэгчийн эрх дээр дарж, сонголтууд дундаас Account Settings гэснийг сонгож, цаашлан Manage товчин дээр дарж, Apple Arcade гэсэн сонголтыг Subscriptions дотроос хайж олоод, Edit дарж, эрхээ сунгах боломжтой.
Нэгэнт Apple Arcade үйлчилгээний эрх авсан бол App Store доторх Arcade нэртэй tab руу орж болно. Тоглоомууд нь ангиллаараа хуваагдсан байх бөгөөд New Games болон Top Arcade Games сонголтуудыг хамгийн эхэнд харуулдаг. Timeless Classics хэсэгт хөзөр гэх мэт хуучны классик тоглоомууд байдаг бол харин App Store Greats хэсэгт Apple App Store дээрээс татан авах боломжтой, нэмэлт төлбөртэй, сурталчилгаа агуулсан тоглоомууд байршсан байдгийг анхаарах нь зүйтэй.
Apple Arcade нэг удаагийн, 1 сарын туршиж үзэх эрх үнэгүй олгодог ба шинэ Apple төхөөрөмж худалдан авсан бол 3 сарын эрх бэлэглэдэг. Үнэгүй турших эрхээ нэг л удаа цуцалсан бол үлдсэн хугацаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэдгийг санахад илүүдэхгүй. Мэдээж хэрэг бүх л туршилтын үйлчилгээний нэгэн адилаар сарын эцэст 5 ам.долларыг данснаас тань татах болно.
Хамгийн шилдэг Apple Arcade тоглоомууд
Apple Arcade руу хамгийн анх ороход зөвхөн тус платформд зориулсан exclusive тоглоомуудаа санал болгодог байсан бол сүүлийн үед Apple энэ аргаа өөрчилж, App Store дээр хамгийн их татан авалттай тоглоомууд, төлбөртэй нэмэлтүүд бүхий тоглоомуудаа санал болгох болжээ. Тоглоомуудын Apple Arcade хувилбар нь нэрнийхээ ард “+” тэмдэгтэй байдаг. Мөн энэ үйлчилгээнд Apple ойр ойрхон шинэ тоглоом нэмдэг ч, заримдаа тоглоомуудаа хасдагийг мэдэхэд илүүдэхгүй.
Одоогоор тус платформ дээрх шилдэг тоглоомууд нь:
- Assemble With Care
- Bloons TD 6+
- Cat Quest II
- ChuChu Rocket! Universe
- Fantasian
- Goat Simulator+
- Manifold Garden
- Mini Motorways
- Neo Cab
- Oceanhorn 2
- Pilgrims
- Prune+
- Reigns+
- Samorost 3+
- Sayonara Wild Hearts
- Skate City
- Sneaky Sasquatch
- The Pathless
- What the Golf?
- Where Cards Fall зэрэг юм.
Тоглоомын төлбөртэй үйлчилгээнүүд маш олон байдаг тул Microsoft, Sony зэрэг томоохон тоглоомын платформоос Apple руу шилжилт хийх хүн ховорхон байж мэдэх юм. Гэвч гэр бүлийн гишүүд эрхээ хуваалцаж болдог, мөн гар утас, хөдөлгөөнт төхөөрөмж дээр тоглож болдог гэдгээрээ Apple Arcade болон Google Play Pass үйлчилгээнүүд нь давуу талтай. Гэхдээ ямар нэг үйлчилгээг төлбөр төлж ашиглахаасаа өмнө үнэгүй туршиж үзээд сонголтоо хийх нь хамгийн ухаалаг үйлдэл билээ.
Эх сурвалж: wired.com