
Хятадын удирдагчийн дипломат марафоны цаана Ойрхи Дорнодод байр сууриа бэхжүүлэх том тооцоо байна уу?
Хятадын дарга Ши Жиньпин Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа шууд Египетийг зорилоо.
Гэхдээ энэ нь ШХАБ-ын уулзалтыг дундаас нь орхисон хэрэг биш. Бээжин анхнаасаа Ши Жиньпиний 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 3-ны хооронд Киргиз, Египетэд айлчилж, ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох хөтөлбөрийг зарласан байв.
Ши Жиньпин есдүгээр сарын 1-нд Бишкект болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бүрэн оролцож, улмаар Египетийн нийслэл Каирыг зорьсон байна.
Яагаад Египет гэж?
Энэ айлчлалын хамгийн анхаарал татах зүйл нь Ши Жиньпиний Египетэд хийж буй сүүлийн 10 жилийн анхны төрийн айлчлал байв.
Мөн 2026 он бол Хятад, Египет дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой. Тиймээс айлчлал нь хоёр орны харилцааг эдийн засаг, технологи, аюулгүй байдал болон стратегийн түвшинд шинэ шатанд гаргах зорилготой байжээ.
Хятад улс Египетэд аль хэдийн дэд бүтэц, үйлдвэрлэл, ногоон эрчим хүч болон Суэцийн сувгийн эдийн засгийн бүсийн төслүүдэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Өөрөөр хэлбэл Египет бол Хятадын хувьд зөвхөн Африкийн нэг улс биш.
Суэцийн сувагт байрлах стратегийн байршил, Европ-Ази-Африкийн худалдааны гарц, Ойрхи Дорнод дахь улс төрийн нөлөөгөөрөө Египет онцгой ач холбогдолтой.
АНУ-ын нөлөөний эсрэг шинэ тэнцвэр үү?
Ши Жиньпиний Каир дахь айлчлал Ойрх Дорнодын геополитик хурцадсан үед болж байгаа нь бас анхаарал татаж байна.
Хятад улс Египеттэй аюулгүй байдал, терроризмтой тэмцэх, эдийн засаг болон стратегийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр ярилцжээ.
Ши мөн Ойрхи Дорнодод гадаадын хөндлөнгийн оролцоогүй шинэ аюулгүй байдлын тогтолцоо байгуулах санааг дэвшүүлсэн байна. Энэ нь Вашингтоны бүс нутаг дахь байр суурийг тойрсон геополитикийн маргаантай давхцаж байгаа юм.
Ингээд харвал Ши Жиньпиний энэ удаагийн аялал ердөө хоёр улсын төрийн айлчлал биш.
Бишкект ШХАБ-аар дамжуулан Евразийн орнуудтай байр сууриа бэхжүүлж, Каирт Ойрх Дорнод болон Африкийн стратегийн түнштэй харилцаагаа зузаатгасан дипломат алхам гэж харж болохоор байна.
Тэр ч байтугай энэ аялал АНУ-тай хийх дараагийн өндөр түвшний уулзалтуудын өмнөхөн болж байгаа нь олон улсын ажиглагчдын анхаарлыг татаж байна.
Ши Жиньпин есдүгээр сарын 3-нд Бээжинд буцаж ирсэн бөгөөд Хятадын тал ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болон Киргиз, Египетийн төрийн айлчлалыг амжилттай өндөрлүүлсэн гэж мэдээлжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.