
Улс төрийн халуун намраас өмнөх хамгийн эхний сорилт өнөөдөр эхэллээ.
УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж, 2026 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлж байна. Ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний өдрүүдэд хуралдуулахаар товлосон бөгөөд намрын ээлжит чуулган есдүгээр сарын 15-нд эхлэхээр байгаа.
Төсвийн тодотгол гэдэг зөвхөн тоо, мөнгөний асуудал биш. Энэ удаагийн хэлэлцүүлэг эрх баригчдын улс төрийн нэгдэл хэр бат бөх байгааг харуулах нэг том шалгуур болж байна.
УИХ-ын дарга С.Бямбацогт чуулганы нээлтийн үеэр төсвийн тодотголыг нэн даруй хэлэлцэж, иргэдэд ирж буй эдийн засгийн дарамтыг бууруулах арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон.
Харин одоо гол асуулт нь хэн юу хэлэх вэ гэдгээс илүү, хэн юун дээр санал нэгдэх вэ гэдэгт байна.
Төсвийн тодотголын хүрээнд зарлага, төрийн байгууллагын бүтэц, төрийн албан хаагчдын зардал, иргэдэд чиглэсэн бодлого зэрэг олон асуудал зэрэгцэн яригдана. Тиймээс нэг талаас Засгийн газар төсвийн сахилга, хэмнэлтийг хамгаалах шаардлагатай бол нөгөө талаас УИХ-ын гишүүд сонгогчдынхоо өмнө амласан бодлого, хөрөнгө оруулалт, халамжийн асуудлаа тавих сонирхолтой.
Өөрөөр хэлбэл, төсөв бол улс төрийн хамгийн том “тооцоо” эхэлдэг талбар.
Энэ удаагийн тодотгол дээр эрх баригчид нэг байр суурьтай байж чадах уу, эсвэл нам доторх болон улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол төсвийн хэлэлцүүлгийн үеэр дахин ил гарах уу гэдэг нь анхаарал татаж байна.
Ялангуяа ээлжит бус чуулган дуусаад маргааш нь намрын ээлжит чуулган эхлэх учраас энэ удаагийн хэлэлцүүлэг намрын улс төрийн өнгийг тодорхойлох магадлалтай.
Төсөв батлах тухай ярьж байгаа ч үнэндээ эрх баригчдын улс төрийн тэсвэр, тохиролцоо, хариуцлагыг шалгах долоо хоног эхэлж байна.
Хэн хожих вэ гэдгийг одоохондоо хэлэх эрт.
Харин хэн нь “төсвийн төлөө”, хэн нь “сонгогчийн төлөө”, хэн нь “улс төрийн онооны төлөө” ярьж байгааг энэ долоо хоног харуулах нь.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.