Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа
 

Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа

Энэ долоо хоногт Meta компани нийгмийн сүлжээний донтолт болон тэдгээрийн аппликэйшнүүдээс үүдэлтэй өөр бусад хохирлын нэхэмжлэлтэй ээлжит нэг шүүх хуралдаанд оролцохоор боллоо. Энэ хэрэг нь хэрэглэгчдийн аюулгүй байдал, аппликэйшнүүдийн өсвөр наснынхны сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх олон мянган нэхэмжлэлтэй тулгарч буй бас нэгэн шүүх хуралдаан гэж хэлж болно. Өнгөрсөн долоо хоногт Meta компани уг нэхэмжлэлийг хүчингүй болгуулах хуралдаанд ялагдсан юм. Тиймээс Калифорни мужийн Окленд хотын холбооны шүүхэд энэ долоо хоногийн мягмар гарагт шүүх хурал товлогджээ.

Энэ хуралдаанаар Meta-гийн дээд албан тушаалтнууд, тэр дундаа Марк Цукерберг нар гэрчийн мэдүүлэг өгөх бөгөөд тус компанийн хувьд түүхэндээ хамгийн өндөр дүнгээр торгуулж магадгүй байна. Уг нэхэмжлэл 2023 оноос эхэлсэн түүхтэй. Тухайн үед АНУ-ын олон арван муж улсаас Meta-гийн эсрэг нэхэмжлэл гаргаж байв. Тэд Meta-г донтуулагч функцүүдийг санаатайгаар бүтээж, хэрэглэгчдийг хамгаалах хуулиудыг зөрчсөн гэж буруутгасан.

Энэ арга хэмжээ нь компанийн аюулгүй байдлын практикт хийсэн хэд хэдэн мужийн мөрдөн байцаалтын дараа гарсан бөгөөд албаныхан хүүхэд, өсвөр үеийнхэнд ноцтой хохирол учруулсан гэж мэдэгдсэн юм. Шүүх хуралдааны үеэр холбооны шүүгч Ивонне Гонзалез Рожерс Калифорни, Колорадо, Кентакки, Нью-Жерси мужуудын нэхэмжлэлийг сонсох юм байна. Тэд Meta-г аппликэйшнүүдийн аюулгүй байдлын талаар олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж, мужийн хэрэглэгчдийг хамгаалах хуулиудыг зөрчсөн гэж үзэж буй юм. Эдгээр дөрвөн муж болон бусад 25 муж мөн Хүүхдийн онлайн нууцлалыг хамгаалах тухай хууль (COPPA)-ыг зөрчсөн гэж Meta-г шүүхэд өгөөд байна.

Мужууд Meta Instagram болон Facebook-т 13-аас доош насны хэрэглэгчид байдгийг мэдэж байсан ч тэдний талаарх мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулсан гэж үзэж буй юм. Meta энэ жил бусад шүүх хуралдаанд ижил төстэй буруутгалтай тулгарсан ч энэ хуралдааны нөлөө онцгой чухал. Калифорни, Колорадо, Кентакки, Нью-Жерси мужууд хэр их хэмжээний нөхөн төлбөр шаардахыг олон нийтэд зарлаагүй. Гэвч Meta шүүх хуралдаанаас өмнө гаргасан баримт бичигтээ мужууд 1,4 их наяд ам.доллар хүртэлх торгууль шаардаж байгааг мэдэгдсэн бөгөөд үүнийг “Үндэслэлгүй” хэмээн тодорхойлсон юм. Шүүгч Рожерс энэ тоог “зохисгүй” гэж үзсэн гэж Law360 мэдээлсэн. Гэвч тэрээр Meta-гийн санал болгосон 4 сая ам.долларын торгуулийн дүнг ч шүүмжилсэн.

Технологийн ертөнцийн мэргэжилтнүүд Meta-г 1,4 тэрбум ам.доллараар торгуулах эрсдэл урьд урьдынхаас илүү өндөр байгааг онцолж буй. Учир нь компани хэрэглэгчдэд хохирол учруулсан гэсэн олон мянган нэхэмжлэлүүд цуварсаар байгаа юм. Лос-Анжелес болон Нью-Мексико мужийн шүүхүүд аль хэдийнэ ижил төстэй асуудлаар Meta-гийн эсрэг шийдвэр гаргаад байгааг мартаж болохгүй.

Урьд нь Meta компанийн зүгээс давж заалдаад ялагдсан бөгөөд хэрэв дахиад хэрэг маргаандаа “унавал” зөвхөн санхүүгийн цохилт болоод зогсохгүй өөр ижил төстэй гомдлуудад дараалан ялагдах үүд хаалга нээгдэх эрсдэлтэй. Хэдийгээр Meta компани мөнгөн торгуулийн дүнд төдийлөн санаа зовохгүй байгаа ч хуулийн фирм хөлсөлж буй зардал үлэмж нэмэгдэж байна. Компани 2026 оны хоёрдугаар улиралд ганцхан хуулийн зардалд л гэхэд 2,4 тэрбум ам.доллар зарцуулсан гэж мэдэгдсэн.

Meta-гийн хувьд маргаанд гаргаж тавьж буй үндэслэл нь мужуудын нэхэмжлэл нотлогдоогүй, тулгаж буй торгууль хэт өндөр гэж үзэж байна. “Мужийн ерөнхий прокурорууд үүнийг түүхэн хэрэг гэж нэрлэж болох ч тэдний хязгаарлагдмал нэхэмжлэлүүд үндэслэлгүй бөгөөд санхүүгийн шаардлага нь хэтэрхий харьцуулашгүй” гэж компанийн төлөөлөгч Engadget-д өгсөн ярилцлагадаа дурьджээ.

Эх сурвалж: Engadget.com

Бэлтгэсэн: Б.Намуу

Засгаа дээрэлхэж сурсан засрашгүй тэмцэгчид
Засгаа дээрэлхэж сурсан засрашгүй тэмцэгчид
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.