Засгаа дээрэлхэж сурсан засрашгүй тэмцэгчид
 

Засгаа дээрэлхэж сурсан засрашгүй тэмцэгчид

Анхлан Хон хэрээдийн гэх бүлгэмээс салаалан гарсан Босоо Хөх Монгол, Гал Үндэстэн холбоо, Эх орончдын нэгдэл, Даяар Монгол гэх тэмцэгч хөдөлгөөнүүд уул уурхай, солонгос, хятад ресторан, мах, ногооны бизнесмэнүүдийг онилон дарамталж санхүүгийн шантааж хэлбэрээр амьдрах болсноор “Эх оронч тэмцэгчдийн” зах зээл эрчимтэй тэлсэн гэж үздэг.

Тэмцэгчид анх гахайн мах, хүнсний ногоо, жимс, барилгын дунд шатны бизнес эрхлэгч хятад, солонгосчуудыг онилон дарамталдаг байсан бол жилээс жилд улам өргөжиж геологи, уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг айлган сүрдүүлэх замаар бэлэн мөнгө, байр орон сууц, автомашинаар “шагнуулдаг” болтлоо хөлжжээ. Ингээд гадны улсын тагнуул, хууль улс төрийнхний анхааралд өртөж тэдний ивээлд багтах болсноор одоо төр нь дийлэхгүй хэмжээнд хүрсэн гэх жиг жуг яриа бий.

Эрчим хүчний гацаагчид

2018 он. Өдрөөс өдөрт өргөжин тэлж буй Улаанбаатар хот, Монгол Улсын суурьшлын дэд бүтцүүдэд эрчим хүчний хэрэгцээ үлэмж шаардлагатай болж буй нь илэрхий байв. Үүнийг анзаарсан зарим бизнес эрхлэгчид БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг ашиглан Багануур хотод 700мВт-ийн хүчин чадалтай Цахилгаан станц барих төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв. Гэвч сэтгүүлч Б.Отгон, “Нэгдсэн Монгол” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр/гадны тагнуултай хамтарсан хэргээр одоо шоронд буй/, “Судлаач Ганаа”, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, түүний нөхөр нийтлэлч хочит Д.Баатархуяг нар урт, урт нийтлэл бичихийн зэрэгцээ сошиалд хэдэн мянган тороол хаягнаас Багануурын Цахилгаан станцыг дагаж хятад хороолол үүсч, хэдэн мянган урд зүгийн угшилтай иргэд орж ирэн үндэсний аюулгүй байдалд үлэмж заналхийлэл учруулах гэж байгааг халаглан анхааруулж байв. Олон нийтийн эсэргүүцэл ч үүнийг дагаад идэвхжсэн бөгөөд аль нэг гуравдагч улсын хүсэл сонирхол, тагнуул, улс төрийн үзэл баримтлалд яв цав нийцээд байна уу гэж хардмаар. Бүр энэхүү “үндэсний тэмцэл”-д тухайн үеийн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ч ил цагаан нэгдэж, улс орны аюулгүй байдлын төлөө нойроо хасч эхэлснээ гайхаж байв. Хожим нь энэ хүн Эрчим хүчний сайдын албан тушаалд дэвшсэн.

Харамсалтай нь энэхүү төслийг эх оронч хэмээх тэмцэгчдийн нэгдлээр зогсоосноос хойш эдүгээ өвөл бүр бид цахилгаан эрчим хүчээ таслуулж, өвлийг чангахан давах болжээ. Энэ өвөл ч Улаанбаатар хот 150мВт-ын чадлын дутагдалтай байхыг мэргэжилтнүүд анхааруулав. Хятадаар айлгах айдас харамсалтай нь Монголоо хорлох хөдөлгөөн болж хувирдагийн хамгийн том жишээ бол гараан дээрээ нам гацсан Багануурын Цахилгаан станц байлаа. Найман жилийн өмнө сүр бадруулан жагсаж байсан тэмцэгчид өдгөө том машин унаж гоё хауст амьдрах болжээ. Харин бид тогны хязгаарлалттай, тог таслуулах хуваарьт өдрөө хүлээн суугаа. Харамсалтай.

Домог болсон Эгийн голын УЦС ба ажил нь арай ядан эхэлсэн Эрдэнэбүрэнгийн УЦС

Булган аймгийн Эгийн голыг түшиглэн Усан цахилгаан станц баригдах тухай яриа гарснаас хойш одоо яг 30 жил болж байна. Гэхдээ энэ станц ашиглалтад орвол Байгаль нуурын эко системд ноцтой доголдол үүснэ гэсэн ОХУ-ын Байгаль орчны дүгнэлтээс үүдэж энэ төсөл шууд зогссон. Одоо хүртэл хэлэлцээр хийдэг ч төдийлөн ахицтай байдаггүй тул Эгийн голын УЦС урсгал зардал ба оффисын түрээсээр “амьдарсаар” өдийг хүрчээ. Хэрэв Эгийн голын УЦС ашиглтад орвол Монгол Улсад анхны тохируулгын станц нэгдсэн системд залгагдах юм. Ингэснээр манай улс илүүдэл эрчим хүчээ шөнийн цагаар гадагшаа экспортлох, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй бүсийн томоохон цахилгаан станцуудаа шаардлагатай үед эрчим хүчний тохируулга хийх боломжтой. Харамсалтай нь энэ төслийг өнөө л “эх орончид” улангасан эсэргүүцдэг. Эгийн голын эх дээр цахилгаан станц баривал байгалийн үзэмж сүйднэ гэж үздэг ч үүнтэй яг адил эсэргүүцэлтэй тулж байсан Тайширын УЦС өдгөө баруун бүсийн зарим эрчим хүчний хэрэгцээг хангаад зогсохгүй хажуудаа Гэгээн хэмээх сайхан нууртай болжээ. Эх орончдод гэвч энэ бүтээн байгуулалт таалагддаггүй. Харамсалтай.

Ховдын Эрдэнэбүрэн суманд усан цахилгаан станц баригдвал эрчим хүчний хараат байдлаас баруун аймгууд бүхэлдээ гарах тооцоотой. Энэ төсөл бүхэлдээ баруун бүсийн найдвар гэхэд болно. Гэхдээ энэ төслийг зогсоох сонирхол мөн л гадны агентуудад байдаг нь олон жилийн эсэргүүцэл тэмцэлтэй тулснаас харагддаг. Хавцал дагуулж барих уг төслийн талбайд нутаглаж байсан гэх иргэдэд нөхөн төлбөр, орон нутгийн иргэдэд тодорхой хэмжээний мэдээлэл сурталчилгааны ажил хийж чадсан тулдаа өнөөдөр уг төсөл ажлын 15 хувийн гүйцэтгэлдээ хүрч чаджээ. Гэхдээ л аль 2009 онд анхны цаасан дээр яриа эхэлснээс хойш нөгөө эх орончдын маань бас нэгэн “хоолны идүүр” болж хувирсан. Энэ олон жил гадны улсөд төлж байсан тог, цахилгааны мөнгийг бид халааснаасаа, татвараараа төлсөн. Харамсалтай.

Уул уурхайн салбар дахь гацаагчид

Гацаагчид маань шинэ шатанд очжээ. Уран, Газрын ховор, алт, зэс, нүүрсний томоохон гэсэн ордуудыг том, том жийптэй давхилдан очиж гацаана. Гацаах, гацаахдаа хорлонтойгоор олон нийтийн сэтгэл зүйг үймүүлж, лайв бичлэгээр элдэв янзын сөрөг, болох бүтэхгүй жишээ сурталчлан мунхруулна. Зарим “жижгэвтэр” уурхайд очоод лайв ч хийлгүй шууд л захиралтай нь уулзаж мөнгө нэхэж сүрдүүлдэг бололтой. Ийм сүрдүүлгэнд өртсөн уурхайн эзэд ажлаа бушуухан явуулахын тулд нэхсэн мөнгийг нь өгч үлгэрт гардаг хэрээ шиг арван хэдэнтээ амтшуулна. “Хагархай цонх”-ны онолоор анхны тэмцэгчид маань доороо өчнөн олон дүү “төрүүлжээ”. Үнэн ба Зөв намын А.Отгонбаатар, Шинжээравдан, Г.Солонго, Г.Адилбиш, Уран эсэргүүцэгч Б.Цэгмэд, “Босоо хөх Монгол”-ын Ч.Ганхуяг гээд эдгээр нэрс дуусахгүй. Улс эх оронд хэрэгтэй гэсэн бүх л том төслүүдийг нам гацааж, шантааж хийн амь зуудаг энэ хүмүүст хууль үйлчлэх нь бүү хэл олигтой сануулга өгөх нь үгүй. Бүр зарим улстөрчид тэднийг тэжээн тэтгэж шаардлагатай, хэрэгтэй жагсаал, цуглаандаа төлбөр мөнгө тохирон ажиллуулсаар одоо төр нь өөрөө эдгээр тэмцэгчдээ дийлэхгүйд хүрчээ.

Хятадын элчин сайдын өгсөн сануулга

Өчигдөр БНХАУ-ын элчин сайдын яамны түр орлогч Цао Ли манай албаны хүмүүстэй уулзав. Ингэхдээ анх удаа шахам “Манай иргэдийн эрх ашигт халдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглана” гэсэн хатуу байр суурь илэрхийлэв. Дорнод аймгийн газрын тосны 28-р талбайд ажиллахаар ирсэн БНХАУ-ын иргэдийн эрхэнд тэмцэгч Г.Солонго, Г.Адилбиш нар ноцтой халдаж, лайв бичлэгээр доромжилсноос үүдэж Хятадын Элчин сайд ийнхүү манай талтай уулзжээ. Энэ явдал анхных биш бөгөөд тэмцэгч Г.Солонго нь өмнө нь яг иймэрхүү үйлдлээр хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа “бие давхар” гэдэг шалтгаанаар суллагдаад байв. Ингээд давтан хэрэг үйлджээ. Одоогоор тэмцэгч эмэгтэйчүүдийг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон бөгөөд хэрэг хэрхэн шийдвэрлэхийг БНХАУ-ын тал анхааралтай ажиглахаа мэдэгдсэн юм.

Экспорт, импортын гол гарц Хятадтай холбогддог манай улсын хувьд эх оронч тэмцэгчдийн чиглэн довтолдог гол бай нь Хятадын хөрөнгө оруулагчид, ажиллах хүч. Манай тэмцэгчид анх удаа ч ингэж авирлаагүй. Элс цоолж, улс орны тусгаар тогтнол төмөр замын нэг царигаас болж сүйрэн доройтож магадгүйг айлгасан 2014 оны бичлэг, түүнээс өмнөх хэдэн жилийн үндсэрхэг үзлийн давалгааг тоочоод баршгүй. Нэг гараараа наймаа, арилжаа хамтын ажиллагаа үзэглэчихээд нөгөө гараараа цэвэр цусны онолоор ард түмнээ угаадаг төрийн бодлого байж болохгүй. Ийм агуулгаар дипломат ёс, бизнес эрх зүйн асуудал хөндөж бичихээр “Хятадын гар хөл, тэднээс айдаг доромжлуулдаг” хэмээн дайрах сошиал сүрэг дуусахгүй. Гэхдээ саяхан нэг албаны баримттай мэдээ харахад “Монгол Улсын сошиал орчинд гуравдагч орны хөгжүүлсэн бот, тороол сүлжээ дийлдэшгүй хэмжээнд хүрсэн” хэмээсэн байдаг. Бодууштай.

Т.Бат

Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав
Г.Дамдинням сайд асуудлаа бизнес эрхлэгчид руу бухав
 
Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа
Фэйсбүүк хүүхэд донтуулах функц санаатай ажиллуулдаг хэмээн буруутгагдлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.