“Лайвтай байна, Ерөнхий сайдаа”
 

“Лайвтай байна, Ерөнхий сайдаа”

Шоовдор хүүхэд шиг гадуурхагддаг ч улсын эдийн засгийн талаас илүүг бүрдүүлдэг уул уурхайн салбартаа эзэн шиг хандах цаг болжээ. Босоо хөх монголоос эхлээд энд тэндэхийн явуул, хэвтүүлийн тэмцэгчдийн хөлд бэлчээр шиг талхлагдаж дуусч байгаа уул уурхайн салбартаа эзэн шиг байж, хууль ёсыг эн тэнцүү мөрдүүлье. Дорнод аймгийн нефтийн 28-р талбайд ажиллаж буй Монгол-БНХАУ-ын хамтын хөрөнгө оруулалттай компанид дайран орж эх орны нэр зүүн ил цагаан шантааж хийж яваа Адилбиш, Солонго гэх эмэгтэйчүүд ямар зорилготой байдаг нь тодорхой. Тэд бусад “эх орончдын” адил мөнгө, шантаажаар амь зууж явдаг. Үнэн хэрэгтээ тэд урьд, урьдны тэмцэгчдийн бүтээсэн үйлийн үр. Саяхан тэмцэгч Цэгмэд “Ивантайгаа ярь, төвөгтэй сэдэв тул мөнгөө нэм” гэсэн ярианы бичлэг нь олон нийтэд гарсан ч хууль хүчнийхэн хөдлөхгүй байна.

Газар шороо, байгаль орчныхоо төлөө тэмцэж, санаа тавих нь монгол хүний үүрэг мөн боловч ийм тэмцлээр далимдуулан мөнгө хийж, амь зуух арга хэрэгслээ болгосон нь хойш хойшдоо мөн ч их сөрөг үр дагавартай.

Эгийн гол, Байдраг, Уран, газрын ховор элемэнтүүдийн төслүүдийг ширхэгчлэн эсэргүүцэж, гадны гар хөл болж ил цагаан тэмцэж явдаг эдгээр эх орончид А.Отгонбаатар, Шинжээравдан, Бээжин гэхчлэн цөөнгүй тэрбумтан тэмцэгчдийг төрүүлсэн. Лайвдаж, фэйсбүүктээ пост бичиж, жагсаж тэмцээд л амьдралын баталгаа нь дээгүүрхэн явдаг бизнес эрхлэгчээс дутахгүй болж ирсэн тэдэнд Монголд хэрэгтэй төслүүдийг гацаах, ард иргэдийг хагалан бутаргаж, төр засгийг доош нь хийх ганцхан даалгавар байдаг нь үнэн.

Халзан бүрэгтэй төсөл хөдлөхгүй байгаа гол шалтгааны нэг бол манай хойд хөршид, тэр бүү хэл Хятадын зарим мужид газрын ховор элемэнтийн томоохон уурхай ашиглалтад орсонтой холбоотой гэж судлаачид үздэг. Алт, зэс, нүүрснээс хэдэн арав дахин ашигтай, гадаад зах зээлд эх орны тусгаар тогтнолын шууд баталгаа болох энэ эрдэс баялаг нь бидний өдөр тутмын гар утас, телевиз, компьютер тэр бүү хэл электрон, чипээр ажилладаг бүх хүлээн авагчид бий. Гэтэл зориуд ураны цацраг идэвхт бодистой холбож, хүн мал, байгаль орчны эрүүл мэндэд хортой сөрөг мэтээр сурталдах нь нөгөө л гадны явуулга билээ.

Төр үйл ажиллагаа эрхэл гэж лиценз олгож, татвараа авч л байгаа бол тухайн бизнес эрхлэгчдийг хууль ёсоор үйл ажиллагаа явуулах эрх зүйн боломжоор хангаж шаардлагатай эрхийг нь хамгаалдаг байя. Хэрэгтэй гэвэл эрх зүйн орчныг нь сайжруулах төсөл бичиж Засгийн газраас өргөн барих ёстой. Нутгийн иргэд, мэдээлэлгүй хүмүүсээс айж алийн болгон хөрөнгө оруулагчдаа үргээсээр байх ёстой вэ. Ерөнхий сайд Н.Учрал одоо л ийм кэйс дээр манлайлал үзүүлж хариуцсан сайд нараа шахах ёстой. Улстөрч гэдэг дандаа алга ташуулах учиргүй. Заримдаа чулуу шидүүлнэ. Гэхдээ улсынхаа эрх ашгийн төлөө ад үзэгдэнэ гэдэг улстөрч хүний л сонгосон зам. Хөрөнгө оруулагчдаа аюулгүй, тайван, баталгаатай орчин бүрдүүлчихээд чөлөөлөх, хөгжин дээшлэх зорилго тавибал дараалал нь зөв болох учиртай.

Т.Бат

Ц.Анандбазар, Э.Галбадрал хоёр АН-ыг самарч байна
Ц.Анандбазар, Э.Галбадрал хоёр АН-ыг самарч байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.