
Уул уурхай эрдэс баялгийн сайд Г.Дамдинням наадмын өмнөхөн “Зугаалцгаа, хангалттай бензин бий” хэмээн лайваа асаачихаад томорсон. Гэтэл наадмын дараахан бензиний хомсдол энд тэндгүй үүсч, өнөө бардам амтай сайдын удирдлагад байх агентлагын дарга нар “Монголчууд 4 сарын нөөцийг 7 хоногт хэрэглэчихлээ” гэхчлэн утга логикгүй элдэв хайрхамжгүй мэдэгдэл хийхтэй зэрэгцэн бензин шатахууны хомсдол сар гаруй хугацаанд сунжирсаар байна.
Сүүлийн өдрүүдэд Г.Дамдинням сайд 7 хоног бүр Орос руу нисч, яаралтай хэлэлцээр хийж байна гэж селфидэх болсон. Түүний хэлснээр сүүлийн 48 цагт манай улсын хилээр 48 вагон буюу 8760 тонн АИ-92 бензин орж ирлээ гэв. Энэ нь энгийн үеийн 3, 4 хоногийн нөөц. Бензиний хомсдолоос үүдэж нэлээн завгүй “харагдах” болсон сайд маань Оростой яаралтай хэлэлцээр хийж 8 сар гэхэд 25 мянган тонн бензин, 5000 тонн онгоцны түлш ачуулах болсныг бахдалтай ярив. Гэвч Оросын албан мэдээлэлд ч манай талаас ч яг таг гэрээ, баримт бичгээр энэ тоог үзэглээгүй нь өдрөөс өдөрт тодорхой болж байна. Хэрэв ОХУ-аас үнэхээр ийм хэмжээний бензин, түлш авахаар болсон бол тус улс албан мэдээллээ заавал олон нийтэд мэдээлдэг. Гэвч 7 хоногтоо нэг удаа хий эргэж буй Г.Дамдинням сайдын яриад байгаа шиг энэ сарын сүүл гэхэд бензин түлшний хомсдолоос гарах яриа мань хүний хоосон хийрхэл болж хувирч байна уу даа?. Оросууд очихоор нь гар барьж зургаа авахуулчихаад мань эрийг буцах онгоцонд нь суулгаад сурчих шиг.
Урьд нь бензиний хомсдол үүсдэг байсан ч шок худалдан авалтын дараа тэгэсгээд хэвийн болчихдог байв. Гэтэл энэ удаагийнх зөвхөн цөөн хэд хоногийн тасалдалт биш бололтой. ОХУ руу 7 хоног болгон нисч ажлаа амжуулж яваа гэж AI салбархай, ноорхой постероор пиардаж байгаа ч амласан 25 мянган тонн АИ ангиллын бензин ирээгүй, ирэхгүй байгааг зарим тоо баримт хэлээд байна. Дроны дайралтад өдөр болгон өртөж, том том логистик, Нефть боловсруулах үйлдвэрүүдээ устгуулж байгаа оросууд арай бидэнд өгдөг бензин, түлшээ цаашид улам багасгахаар дотооддоо ярилцсан бол яах вэ? Өөр гарц шийдэл юу байгаа вэ. Сайд зөвхөн хойд хөршийн гарыг хараад суулгүй бусад гарцаа судлахгүй юм уу?
Өнгөрсөн саруудад бензиний нийлүүлэлт яагаад буурав
Өнгөрсөн 6-р сард ОХУ-аас 186 мянган тонн шатахуун нийлүүлсэн. Харин дараа сард нь буюу яг наадмын 7-р сард энэ тоо 173 мянган тонн болж буужээ. Хөдөө сумдад сураг нь алдраад удаж буй бензиний нийлүүлэлт 8 сард үлэмж доошилсон нь ОХУ-ын талаас 5, 6-р сараас эхлэн нийлүүлэлтээ огцом багасгасантай холбоотой. Ямар анх удаа монголчууд наадамлаж, хөдөө гадаа явсан биш. Г.Дамдиннямын хэлээд байгаа шиг хангалттай ирдэг бензинийг монголчууд юу ч үлдээлгүй хэрэглээд байгаа биш, угаасаа л нийлүүлэлт буурсаар байж. Намрын ургац хураалт, хичээл сургууль, COP-17 гээд нийгмээрээ хөдөлгөөнд орох цаг ойртохын хэрээр бензиний хомсдол мөд жигдрэхгүй нь олж ирээгүй бензинээ байгаа гэж рекламдаж байгаа сайдын постнуудаас харагдаж байна.
Сэтгүүлч Д.Янжинлхам
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.