2027: Ерөнхийлөгчид нэр дэвших кандитатууд
 

2027: Ерөнхийлөгчид нэр дэвших кандитатууд

МАН

Г.Занданшатар – Монгол ардын намаас хамгийн өндөр магадлалтай улстөрч гэгддэг. Гэхдээ сүүлийн саруудад мартагдаж, магадлал нь буурч эхэлсэн гэнэ. Өөрөө ч түүндээ бачимдаж яваа сурагтай. Нам дотор нь тойрогт дэвшсэн 10 хүнээс 11-д орсон хүн Ерөнхийлөгч болж чадахгүй, Ерөнхий сайд болоод дороо огцорсон хүн гэсэн эсэргүүцэл гарч эхэлж.

Б.Батцэцэг – Эмэгтэйчүүдээс байгаа ганц тод төлөөлөл. Нэр хүндтэй явсан ч төртэй хамтарсан хэвлэлийн бизнес нь ил болж, хэвлэл мэдээллээр шуугиснаас үүдэж товчхондоо Ерөнхийлөгчид дэвших листээс бүрэн хасагдсан сурагтай.

Б.Жавхлан – Ерөнхийлөгчтэй ойр гэдэг утгаараа листэнд яваа улстөрч. Олон нийтэд танигдалт муу, өрсөлдвөл ялж чадахгүй гэсэн эсэргүүцэл бий.

Б.Энхбаяр – Олон нийтийн танигдалт сайтай, Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй ч хэрвээ түүнийг дэвшүүлбэл МАН 2 хуваагдаж сонгуулийн ялалт авчрахгүй гэж үзэж буй. Учир нь нам доторх албан бус “сөрөг хүчин” нь түүнийг дэмжихгүй бүр үзэн яддаг. Хэрвээ дэвшвэл тус намын тал нь эсрэг ажиллах нигууртай.

Н.Энхболд – Улстөрийн олон жилийн туршлагатай улстөрч, хэл ам, элдэв бохир идсэн уусанд орооцолдоогүй. Гэнэт гаргаж ирээд өрсөлдүүлж магадгүй гэж яригдаж эхэлжээ.

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгаланг унагааж, шууд бусаар намаа захирч байгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намынхаа Ерөнхийлөгчид дэвшигчийг яадаг ч байсан өөрийнхөө фракцаас сонгож явуулна гэдэгтээ хатуу байр суурьтай байгаа гэнэ.

С.Бямбацогт Олон жил улстөрд яваа ч төрийн гурван өндөрлөгийн нэг суудалд саяхан заларсан. Гэхдээ тэрээр нэр дэвших магадлал хамгийн өндөр. Учир нь улстөрд У.Хүрэлсүхийг эгнэгт дагахаа илэрхийлсэн. Гэхдээ хувийн бизнесээсээ болж “хонгилдуулах”-ын даваан дээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өрөөнд хадаг яндар барьж орсон гэх ярианаас хойш нам дотроо нэр хүнд суларсан.

Ж.Энхбаяр - ЖДҮ, Тариалан эрхлэлтийн сан гээд төрийн олон сангуудтай нэр холбогдож, гайгүй явсан рейтингээ шаланд унагаж явсан түүхтэй улстөрч. Нэг давуу тал нь одоогийн Ерөнхийлөгчийн шадар анд. Тиймдээ ч Ж.Энхбаяр намын тохироогоор нэр дэвшвэл намын аппаратын зүгээс асар их хүч, хөрөнгө, пиар зарцуулах боломжтой.

АН

Н.Алтанхуяг – Судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй яваа улстөрч. Дэвшвэл гарах магадлал өндөр гэгддэг. Харин намынхаа зүгээс дэмжлэг муу. Ганцаарчилсан тоглолттой, хэрвээ Ерөнхийлөгч болчихвол өс санаж эргээд намынханаа намнаж магад гэсэн эсэргүүцэл нам дотор нь явж байгаа.

С.Баярцогт – Намдаа болон цөөнхөд нэр хүндтэй ч олон нийтэд таалагддаггүй улстөрч. Хэрвээ дэвшвэл олонхийн санал авч сонгогдож чадахгүй МАН-д ялагдаж, Ерөнхийлөгчийн суудлаа алдана гэж олон хүн тооцоолдог.

Лу.Гантөмөр – Ардчилсан намыг нэгтгэсэн гавъяатай ч 2024 оны сонгуулиар МАН-тай тохиролцож ялалтаа өгсөн гэж Ардчилсан намын олон хүн дургүй. Хэрвээ Ерөнхийлөгч болчихвол ахиад МАН-тай тохиролцох байх гэсэн айдас АН-ын олон хүнд бий.

О.Цогтгэрэл – Намын дарга учир намын хуучин гишүүд болон шинээр улстөрч залуусын хамгийн өндөр дэмжлэгтэй. Хэдий тийм ч түүнийг Ерөнхийлөгч болгоод намаасаа явуулчихвал арайхийж нийлж нэгдсэн Ардчилсан нам ахиад хуваагдаж, “зодолдоод” 2028 оны сонгуульд ялагдах байх гэсэн айдас бас бий.

Х.Тэмүүжин, Б.Пүрэвдорж нар энэ удаад дэвшихгүй бололтой. 2028 онд нам нь ялбал УИХ-ын дарга болно гэж тооцоолж буй гэнэ.

ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намын дэвшигчид одоохондоо тодорхойгүй байна. ХҮН нам гаднаас олны танил нэр хүндтэй иргэнийг гаргаж ирж өрсөлдүүлдэг уламжлалтай ч энэ удаад “Т.Доржхандаа дэвшүүлээсэй, өөрсдийнхөө мөнгөөр дандаа бусдыг дэвшүүлэх юм” гэсэн шүүмжлэх улстөр сонирхогчид бий.

Харин Үндэсний эвслийн лидер Н.Номтойбаяр сонгуулийн насанд хүрээгүй. Гэхдээ энэ 3-н жижиг намд сонгуульд нэгдэж орох, хэнийг дэвшүүлэх, санал хуваах гэхчлэнгээр 2 том намтай тохиролцох том хөзрүүд бий.

Н.Ука

COP-17 зарлагаа нөхөхгүй байж мэдэх нь
COP-17 зарлагаа нөхөхгүй байж мэдэх нь
 
Ц.Анандбазар, Э.Галбадрал хоёр АН-ыг самарч байна
Ц.Анандбазар, Э.Галбадрал хоёр АН-ыг самарч байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.