
Цөлжилт, байгаль цаг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг COP-17 хурлыг Монгол Улс зохион байгуулахад 3 хоног үлдлээ. Ийм том хэмжээний арга хэмжээг манай улс хоёр дахиа хүлээн авч байгаа. Урьд нь ACEM-ийг зохион байгуулахад санхүүгийн томоохон зөрчлүүд илэрч байсан ч тэгсгээд дарагдсан.
Харин энэ удаагийн COP-17 хурлыг зохион байгуулахад төсвөөс 250 орчим тэрбум төгрөг зарлагадаж байгаа бол одоогоор цугларсан хандив 10 тэрбум төгрөг хүрэхгүй байна. Ийм хэмжээний томоохон хурлыг эх орондоо зохион байгуулах нь манай улсын нэр хүнд, олон улсын хамтын ажиллагаанд үр нөлөөтэй ч санхүүгийн хувьд томоохон гарзтай байх нь санаа зовоож байна. Засгийн газраас бүх талаар хэмнэлтийн горимд шилжиж, УИХ, Ерөнхийлөгчийн зүгээс ч данхар, тансаг төсвүүдээ хасна хэмээж байгаа ч харамсалтай нь COP-17 хурлыг зохион байгуулахад улайсан данстай улсын төсөвт улам ачаа нэмж мэдэх нь ээ.
Саяхан Монголбанкнаас бодлогын хүүг 12,5-д тогтоон, өсгөсөн нь инфляци 13 хувьд хүрч иргэдийн амьжиргаа, нийгмийн амьдрал улам доройтох болсны жишээ боллоо. Гэтэл өдрөөс өдөрт цаас болж байгаа төгрөгийн ханшийн сулрал, бензин шатахууны хомсдол, мах өргөн хэрэглээний үнийн огцом өсөлт ард иргэдийн нуруунд хүндхэн тусч байна. Ахуй амьдрал ийм хүнд байхад манай улс 250 тэрбум төгрөгийг зарлагадаж, төрийн олон аппаратууд COP-17 хуралд зориулж төсвөөс ихээхэн санхүүжилт гаргасаар байна. Зарлагаа нөхөхгүй, алдагдалд улам живэх COP-17 хурал улсын эдийн засагт хэзээ ач тусаа өгөх нь тодорхойгүй байна.

Сэтгүүлч Т.Батсугар
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.