Ардчилсан нам: Авлига өгч, авдаггүй болгох хуулийг нэг жилийн дотор батална
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ардчилсан нам: Авлига өгч, авдаггүй болгох хуулийг нэг жилийн дотор батална

/2024.6.14/Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Ховд аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа. УИХ-ын 2024 оны сонгуульд хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт тус намаас О.Цогтгэрэл, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, О.Амгаланбаатар, Б.Түвшин, З.Нарантуяа, Д.Батсайхан, Ц.Одонтунгалаг, Д.Батцогт, Н.Тэгшбаяр нар нэр дэвшиж буй юм.

Уг уулзалтын үеэр Л.Гантөмөр:

-Ховд аймаг дахь сонгуулийн сурталчилгааны нээлтийн бичлэгээс Ардчилсан намын 10 нэр дэвшигчийг чин сэтгэлээсээ дэмжиж байгааг мэдэрсэн. Бид Ховд аймагт “Өргүй Монгол”, “Бүтэн Монгол, бүрэн ардчилал” аян өрнүүлсэн. Олон ястны өлгий нутаг, эртнээсээ ухаалаг, амьдрах ухаантай, амьдралын төлөө тэмцдэг Ховдын ард түмэн маш сайхан хүлээн авсанд талархаж байна. Бид баруун бүсэд шилдэг залуусаа илгээсэн. Судалгаагаар одоогоор манай нам баталгаатай ялалт байгуулаад явж буйд намын даргын хувьд үнэхээр сэтгэл хангалуун байна. Эрх баригчдыг сольё гэдэг шийдвэрээ баруун бүсийнхэн гаргачихсан байна.

Манай Б.Пүрэвдорж тэмцэгчдийн үр сад гэдгээ харуулж байгаа. Аравхан суудалтай манай нам яагаад ч сөрөг хүчин байх бололцоогүй. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч байгаа. Дуугарахаас цаашгүй болоод 8 жил өнгөрлөө. 8 жилийн өмнө МАН 60 тэрбумын схем зохиогоод Монгол Улсад тэр чигтээ ялалт байгуулсныг бид мэдэж байгаа. Эрх баригчдын өөдөөс чадлаараа дуугарч буй Б.Пүрэвдоржоороо бид бахархаж байгаа.

Хэдийгээр эрх баригчид бүх хүчээрээ ардчиллыг нухчин дарахыг оролдож байгаа ч тэдний дунд эв данг нь олоод Ховдын хөгжлийн төлөө цуцашгүй зүтгэж буй Ш.Адьшаа гишүүнээрээ бахархаж байна. Нутгаа замтай болгоё, сумдаа хөгжүүлье, итгэл өгч сонгосон ард түмнийхээ амьдралыг өөд нь татахад тус болъё, багш нарыг компьютертой болгох гээд зүтгэж байгааг нь хараад сэтгэл хөдөлж байлаа. Та бүхэн Ш.Адьшаа гишүүнээ энэ удаа ч дэмжиж, ялуулахыг хүсье.

Бид юм үзэж, нүд тайлсан, ноён нуруутай, дуугарах газраа дуугардаг Д.Батцогтоо төр барихад хамгийн хэрэгтэй хүний нэг гэж үзээд нэр дэвшүүллээ. Шуналгүй, эрх мэдлээ ашигладаггүй, яг иргэдийнхээ дунд, түмний хүү, Монголын нэг аав, Монголын улс төрч байж чаддаг энэ ноён нуруу Монголын парламент, ардчилсан засагт хэрэгтэй. Судалгаанаас харахад, “Ховдын гурав”-ыг Увс, Говь-Алтай, Завханыхан ч дэмжиж байгаа.

Өөр нэгэн нэр дэвшигч О.Амгаланбаатар маань Говь-Алтай аймгийн Засаг дарга. Түүний нэг онцлог нь “газар дээрх” амьдралыг мэддэг. Тэмцэгч ойрадуудын үр сад гэдгээ байнга нотолдог. Яавал алс хязгаар нутгийг хөгжүүлэх вэ гэдгийг олоод харчихсан, түүнийгээ ажил хэрэг болгох гээд зүтгэдэг хүн. О.Амгаланбаатар боловсрол, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхийг зорьдог. Монгол хүний дундаж насыг яавал +80 болгох вэ гэдэгт өдөр, шөнөгүй толгойгоо гашилгаж яваа. Яавал хөдөөд амьдрал бий болгох вэ, мал аж ахуйг яаж босгож ирэх вэ гэдэгт анхаарч, Монголын эдийн засагт өнгө оруулах, үйлдвэржсэн баруун хязгаар болгохын төлөө зорьж байгаа.

Манай “Завханы гурав” шавилхан биенээсээ гарамгүй эрч хүчтэй. З.Нарантуяаг жагсаалтаар нэр дэвшүүлж болох байсан ч бид “Тойрогт нэр дэвшиж, гарч ирээд Засгийн газрын гишүүн болоорой” гэсэн зарчим баримталсан. Жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүсийг Засгийн газарт оруулахгүй гэдгээ хэлсэн. Сангийн сайд З.Нарантуяаг хармаар байгаа учраас баруун бүсэд нэр дэвшүүлсэн” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Б.Түвшин гээд ноён нуруутай залуу бий. Манай санхүүгийн салбарын “толгой”. Үндэсний нягтлан бодогчдын холбоог босгож ирсэн. Б.Түвшин санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх, татвар бууруулахад анхаарна. Бизнес эрхлэгчид томорч байж Монголын ард түмэн хүчирхэг болно гэдэгт хамгийн их анхаарал тавьж буй хүн бол Б.Түвшин” хэмээв.

Тойрогт нэр дэвшиж буй 78 төлөөлөл нь ямар түүхтэй, юуны төлөө сонгуульд оролцож байгааг нь хэлж чадна хэмээн ам бардам өгүүлсэн Л.Гантөмөр “Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Батсайханыг бид нэр дэвшүүлсэн. Өнөөдөр Монголын эдийн засаг томрохгүй байгаа. Хамгийн том асуудлын нэг нь ядуурал. Үүгээр далимдуулж бүх саналыг худалдаж авах, эрх мэдэлтнүүд ноён суух гэж байна. Ядуурлын ар дээр ардчилал мөхөх гэж байна. Тиймээс бидэнд дөрөвхөн жил ажил хийх боломж олгохыг та бүхнээс гуйж байгаа. Бид улсынхаа эдийн засгийг босгож ирнэ. Үүнд санхүүч, хөдөөгийн амьдралыг сайн мэдэх Д.Батсайханы үүрэг их.

Одоогийн эрх баригчид хөдөө гэхээр зөвхөн мал аж ахуй гэж боддог. Хөдөө байгаа багш, оюутнууд, цагдаа, эмч, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, үйлдвэрлэгчид, тэтгэврийн хөгшчүүл юу хийх вэ гэдгийг бодолцохгүй байна. Бид хөдөөг малаар биш, ард түмнээр нь төсөөлж байгаа шүү гэдгийг хэлье. Хөдөөг зөвхөн мал, малчдаар төсөөлөхөө одоо болих хэрэгтэй. Мэдээж бид малчдаа дэмжих ёстой.

Увс аймгийн О.Цогтгэрэл маань хөгжлийн төлөө хад чулуу шиг зогсож чадна. Түмэн олны талд зогсож чадах хүнийг ол гэвэл О.Цогтгэрэл шүү. Ардчилсан намыг нэгтгэж чадсан хүн бол О.Цогтгэрэл. Нугардаггүй, гуйвдаггүй, арга зальд автдаггүй, хүн дагаж баясдаггүй, яг өөрийнхөө байр суурин дээр байдаг. Татварыг бууруулж, баруун бүсийг эрчимтэй хөгжүүлэхийг зорьж буй нэр дэвшигч.

Ховдын “хүргэн”, улсын заан Д.Бумбаярын гэргий Ц.Одонтунгалагийг Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн. Улс төрд ороод олон жил болсон, “хатаагдсан” хуульч. Хууль түмэн олонд зориулагдахаа болиод удаж байна. Хуулийг зөвхөн дарга нарт зориулж гаргадаг гажигтай болчихсон. Тиймээс бидэнд сайн хуульч хэрэгтэй.

Цөмийн физикч Н.Тэгшбаяр гэж нэр дэвшигч маань “номын”, дөрвөд хүн бий. “Зүтгэж байгаад Монголыг атомын цахилгаан станцтай болгомоор байна” гэж ярьдаг. Энэ бол сайхан мөрөөдөл. Монгол 50, 60 жилийн өмнө уран олборлодог, нефть боловсруулдаг байсан улс шүү. Эрдэмтдээрээ гайхагддаг байсан цаг бий. Харамсалтай нь бид эрдэм мэдлэг шүтдэггүй төртэй болоод удаж байна. Эрдэм шүтдэг төртэй болохын тулд цөмийн физикийн доктороо нэр дэвшүүлсэн” хэмээгээд 10 нэр дэвшигчийг нь багаар нь дэмжихийг хүслээ.

“Ардчилал гэдэг зүйлийг яавал бага байлгах вэ

гэдэг сонгууль явагдаж байна”

Ардчилсан намынхан эрүүл мэнд, боловсролын салбарыг хөгжүүлэхэд анхаарахаа илэрхийлж буй. Хавдраа эмчлүүлэх гэж гадагшаа явдаг, үүний тулд 200 сая доллар төлдөг улс болсныг өөрчлөхийг зорьж байгаагаа тэд хэлж буй юм.

Судалгаагаар 8 жилийн өмнө иргэдээс нэн тэргүүнд тулгамдаж буй 5 асуудлыг нэрлээч гэхэд авлига, ажилгүйдэл, ядуурал, боловсрол, эрүүл мэнд гэж хариулж байв. Өдгөө эдгээр дээр нэг асуудал нэмэгдэж, хамгийн эхэнд бичигдэж буй нь үнийн өсөлт. Гэвч алдагдсан 8 жилд эдгээрийн алийг нь ч шийдээгүй. Утаа бүр хортой болж, хэдэн зуун хүн угаартаж үхсэн. Түгжрэл улам нэмэгдсэн.

Энэ талаар Л.Гантөмөр:

-Ховд хүртэлх замыг Н.Алтанхуягийн Засгийн газар дөрвөн жилийн дотор барьж чадсан. Харин МАН-ынханд бүх эрх мэдэл нь байхад одоогийн нөхцөл байдлыг бий болгосон буруутныг яагаад хайгаад байгаа юм бэ. Тэд ажил хийдэггүй, улстөрждөг. Хэн нэгэн рүү бурууг чихдэг. Тэдний шударга ёсны тэмцэл нь зогсчихсон. Хэнийгээ барьж хорих вэ? Одоо дийлэхгүй. Яагаад гэвэл авлига өгч, авдаг тогтолцоог алга болгох ухаан, сэтгэл байхгүй. Ардчилсан нам сонгуульд ялаад нэг жилийн дотор авлига өгч, авдаггүй болгох хууль батална” хэмээн онцлов.

Ардчилсан намын дарга мөн “Зарим хүн өнгөрсөн 8 жилийг “Байлдаантай кино шиг 8 жил байлаа. Энэ кино олон ангитай биш байгаасай” гэсэн. Монгол Улс авлигын индексээр 180 орноос 121 дүгээр байрт бичигдэх болж ухарлаа. Хүний эрх зөрчигдөж буй үзүүлэлтээр хоцрогдсон 50 орны эгнээнд шилжчихсэн. Сүүлийн жилүүдэд үг хэлснийхээ төлөө цагдаад дуудагдсан 1500 хүн бий. Ардчиллын төлөө байдаг олон мянган хүн үүнд санаа зовж байгаа. Ардчилсан намынхан бол шүүмжилснийх нь төлөө хэн нэгнийг цагдаад өгдөггүй. Намайг олон нийтийн сүлжээнд хоёр хүн байнга л шүүмжилж байна. Тэднийг би шүүх, цагдаад өгөхгүй, байлгаад л байгаа. 1500 хүн цагдаад дуудагдана гэдэг бол маш аймшигтай.

Иймээс энэ удаагийн сонгууль маш хариуцлагатай сонгууль. Биднийг асар их доромжилж байна. Яавал ардчиллынхныг цөөхөн гаргаж ирэх вэ. Яавал ардчилал гэдэг зүйлийг бага байлгах вэ гэдэг сонгууль явагдаж байна. Л.Гантөмөр гэдэг хүнийг ертөнцөд байхгүй муу хүн болгож хувиргасан. Ардчилсан нам бол үе солигдсон нам. Энэ удаагийн сонгуулиар эрх баригчдад хариуцлага тооцож чадахгүй бол Монголын ардчилал мөхөхөд ойрхон байна” гэсэн юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөр 9 зорилттой, 90 заалттай, 900 хийх ажлын төлөвлөгөө гэж буй. Энэ тухай Л.Гантөмөр “Бидэнд Монгол Улсыг өрнөөс гаргах, боловсрол, эрүүл мэндийн салбараа босгож ирэх, үйлдвэртэй болох төлөвлөгөө бий. Гангийн, зэс боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Монгол тийм ч их төмөртэй улс биш. Гэтэл “улны, шалны” үнээр зөөсөөр байгаад одоо нөөцгүй боллоо. Бид ард нь баахан нүхтэй үлдэнэ. Өөр ганц жишээ хэлье. Ноолуураа “Говь” компанид тушаахаар татвар төлдөг. Хятад руу экспортлохоор татвар төлдөггүй. Энэ ямар гээчийн хууль вэ. Энэ баялгийг Монголд боловсруулахаар татвар төлдөг. Хятад руу шууд гаргахаар татвар төлдөггүй. Бид ийм орчинд амьдарч байна.

Өнөөдөр эрх баригчид мөнгөөр бүгдийг худалдаж авъя гэж байна. Дарга нарын тансаглалыг тасалж болно. Тэдний ямбыг халах хэрэгтэй. Үгүй бол дарангуйлал бий болж, дөрвөн жилийн дараа сонгуульд орох ч тэнхээгүй болно. Цөвүүн цагийг зогсооё гэж уриалж байна. Цөвүүн цагийг зогсоох чөлөө, учрал бүрдэж байгааг хэлье” гэж тодотголоо. Уулзалтад ирсэн сонгогчид ардчиллаа авч үлдэж, Ардчилсан намынхныг дэмжихээ илэрхийлсэн юм.

МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулзлаа
МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэд бүтцийн салбарын инженерүүдтэй уулзлаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.