/2024.6.14/ Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 126 суудалд нэр дэвшигчдийг бид сонгох гэж байна.
Сонгууль зургаадугаар сарын 28-ны баасан гарагт, өглөө 7 цагаас эхэлж 22 цагт дуусна.
Холимог тогтолцоогоор явуулж байгаа тул 126 суудлын 78-д нь бид намаас нэр дэвшиж буй болон бие даан нэр дэвшигч хүний нэр дугуйлж сонгох ёстой. Харин үлдсэн 48 нь намын жагсаалтаас хуваарилагдана.
Танд хоёр саналын хуудас очно. Нэг нь, намын жагсаалтаар 48 хүнийг сонгохын тулд зөвхөн дэмжиж буй нэг намаа дугуйлах. Нөгөөх нь, тойргоос сонгогдох 78-ыг сонгохын тулд танай тойрогт нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн нэрсээс дугуйлна.
ТОЙРГООС СОНГОГДОХ САНАЛЫН ХУУДСЫГ
ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?
Тэгвэл та хэдэн хүний нэрийг дугуйлахаа мэдэж байгаа юу? Үүнийг мэдэхийн тулд эхлээд та аль тойрогт харъяалагдах вэ гэдгээ мэдэх шаардлагатай. Сонгуулийн нийт 13 тойрог байгаа. Дараах байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг 13 тойрогт хуваасныг үзнэ үү.
ТОЙРОГ | ТОЙРОГТ ХАМААРАХ ОРОН НУТАГ |
Нэгдүгээр тойрог | Архангай, Өвөрхангай, Баянхонгор |
Хоёрдугаар тойрог | Говь-Алтай, Завхан, Увс, Ховд |
Гуравдугаар тойрог | Баян-Өлгий |
Дөрөвдүгээр тойрог | Булган, Орхон, Хөвсгөл |
Тавдугаар тойрог | Дархан-Уул, Сэлэнгэ, Төв |
Зургаадугаар тойрог | Дорнод, Сүхбаатар, Хэнтий |
Долоодугаар тойрог | Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь |
Наймдугаар тойрог | Баянзүрх дүүрэг |
Есдүгээр тойрог | Баянгол дүүрэг |
Аравдугаар тойрог | Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг |
Арваннэгдүгээр тойрог | Сонгинохайрхан дүүрэг |
Арванхоёрдугаар тойрог | Хан-Уул дүүрэг |
Арвангуравдугаар тойрог | Багануур, Багахангай, Налайх дүүрэг |
Дээрх хүснэгтээс та өөрийгөө аль тойрогт харъяалагдаж байгаагаа мэдэж авсан байх. Тэгвэл одоо эдгээр тойргуудад мандатын тоо буюу УИХ-ын хэдэн суудал ноогдсоныг доорх хүснэгтээс харцгаая.
Өөрөөр хэлбэл, мандатын тооноос хамаарч та хүний нэр дугуйлна. Танай тойрог 3 мандаттай бол, та 3 хүний нэр дугуйлна гэсэн үг. Харин тэдгээр нь бүгдээрээ нэг намын нэр дэвшигч байх шаардлагагүй.
Анхааруулахад, танай тойрог 3 мандаттай бол та илүү ч үгүй, дутуу ч үгүй 3 хүний нэр л дугуйлна гэсэн үг. Хэрэв хоёр, эсвэл нэг хүний нэр дугуйлвал тухайн саналын хуудас хүчингүй болно. Эхний удаа хүчингүй болсон тохиолдолд танд дахин нэг саналын хуудас өгнө. Түүнийг дахиад буруу бөглөчихвөл таны саналын хуудас хүчингүй болж, та дахин саналын хуудас эрхгүй болохыг анхаарна уу.
Тойрог | Тухайн тойрогт ноогдох мандатын тоо |
Нэгдүгээр тойрог | 9 |
Хоёрдугаар тойрог | 10 |
Гуравдугаар тойрог | 3 |
Дөрөвдүгээр тойрог | 8 |
Тавдугаар тойрог | 10 |
Зургаадугаар тойрог | 7 |
Долоодугаар тойрог | 7 |
Наймдугаар тойрог | 5 |
Есдүгээр тойрог | 3 |
Аравдугаар тойрог | 6 |
Арваннэгдүгээр тойрог | 5 |
Арванхоёрдугаар тойрог | 3 |
Арвангуравдугаар тойрог | 2 |
Дашрамд сонирхуулахад, энэ нь зөвхөн тойрогт нэр дэвшигчийн саналын хуудас. Харин үүнээс гадна танд дахин нэг саналын хуудас очих бөгөөд тэр нь намыг дугуйлах саналын хуудас байх болно.
Нам дугуйлах саналын хуудаст та зөвхөн нэг л намыг дугуйлна. Илүүг дугуйлж болохгүй гэдгийг сануулж байна.