/2024.05.20/: Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцож байгаа билээ. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр уншигчид болон иргэдтэй харилцан яриа өрнүүлэв.
Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ.
Монгол Улсын Их Хурлын тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын хүрээнд жил бүрийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжууд, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараалаа.
Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байгаа юм.
Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав.
Эх сурвалж: УИХ