Согтуурсан үедээ нэг иргэнийг хөнөөн, нэг иргэнийг гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуурсан үедээ нэг иргэнийг хөнөөн, нэг иргэнийг гэмтээсэн хэргийг прокурорт шилжүүлжээ

/2024.05.20/: Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.349 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад 350 хэргийг хүргүүлсэн байна.

Үүнээс: Хүний амьд явах эрхийн эсрэг 5, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 118, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 13, Өмчлөх эрхийн эсрэг 133, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 58, бусад 8 хэрэг байна.

Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 71 иргэнд 21.300.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 224 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Цагдаагийн байгууллагаас өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 24, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 55, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 71, шүүхээс даалгасан хүн 68, зөрчил үйлдсэн этгээд 23 олж тогтоон ажилласан.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

  • “Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэргийг урьд өмнө удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоогоод байна. Бусдыг дарамталсан энэ хууль бус үйлдэл 2023 оны 03-аас 06 дугаар сарыг хүртэлх хугацаанд үргэлжилсэн байдаг. Тиймээс тэдний хүн барьцаалсан, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хүч хэрэглэсэн үйлдэлд холбогдуулан энэ оны 05 сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
  • Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт энэ оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Маргаан болоод байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад “Мөрөн суманд оршин суух иргэн З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн хамаарал бүхий 2 хүний биед хувийн таарамжгүй харилцааны улмаас зэвсгийн чанартай зүйл ашиглан халдаж нэг иргэний биед гэмтэл учруулж, иргэн Б-ийн амь насыг хохироосон” үйлдлийг илрүүлсэн. Энэ хэрэгт холбогдсон З-г Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан.
  • Энэ оны 03-р сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд буюу “Эмээлт” мал махны захын орчимд нэн ховор амьтан болох Цоохор ирвэсийг худалдан борлуулах зорилгоор тээвэрлэж явсан үйлдлийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаль орчинд 44.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоогоод байна. Уг хэрэгт холбогдсон иргэн О-г Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

  • 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслээ замын зорчих хэсэг дээр бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар болон явган хүний зам, гарц дээр байрлуулж болохгүй. Өнгөрсөн долоо хоногт буюу 05 дугаар сарын 13, 16-ны өдөр нэр бүхий 2 цахим хаягаас “Явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан, эгнээ хаагаад аваар татаад зогссон байна” гэх мэдээллийг цахим орчинд нийтэлжээ. Цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгаж зөрчилд холбогдогч 2 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1, 35.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 20 нэгжээр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

Б.Батцэнгэл: Олимпийн эрх авч чадаагүйн хариуцлагыг би дангаараа хариуцна
Б.Батцэнгэл: Олимпийн эрх авч чадаагүйн хариуцлагыг би дангаараа хариуцна
 
УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
УИХ-ын сонгуулийг 40 улс орны 259 ажиглагч ажиглана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.