/2024.05.20/: Өчигдөр 3x3 сагсан бөмбөгийн Парисын олимпийн эрхийн төлөөх тоглолт болсон. Тоглолтод олимпийн эрх халааслахад монголын тамирчид ганцхан даваа дутуу байхад 5 номертой тоглогч өрсөлдөгчөө мөргөсний улмаас хоёр тоглолт өнжих торгууль хүлээсэн юм.
Улмаар сэлгэн тоглогчгүй тоглогчид олимпийн эрхийг авч чадсангүй. Тэгвэл тус холбооны дарга Б.Бат-Эрдэнэ дараах мэдэгдлийг гаргажээ.
Тэрбээр, "Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчиддаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм.
Олимпийн эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно.
МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана.
Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа Монгол улс үүрд мандан бадраг!" гэжээ.