/2024.04.22/: Найрал хөгжимчид дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын бүтээлүүд болох Антонио Вивальди, Жан-Филипп Рамо, Мишель Ламбэр нарын алдарт бүтээлүүдийг Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын тайзнаа анх удаагаа тоглов.
Тоглолтод Соёлын сайд Ч.Номин, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид оролцож, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн нээж үг хэлэв.
Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид Монгол Улсын Консерваторийн сурагчдад бүтэн өдрийн “мастеркласс” сургалтыг зохион байгуулсан нь сурагчид дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээлчдээс суралцах боломжийг олгосноороо онцлог боллоо.
Энэхүү тоглолт нь Монгол, Францын соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааны үр дүн бөгөөд өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНФУ-д Төрийн айлчлал хийх үеэр Версалийн шилтгээний Дуурийн театрт Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулга "Монголын сайхан орон" тоглолтоо толилуулж, Нант хотын түүхийн музейд "Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь" үзэсгэлэн дэглэгдэж байв. Эдгээр соёлын солилцоо нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой.
Түүнчлэн Версалийн шилтгээний дуурийн найрал хөгжимчид Монгол Улсад тоглолтоо толилуулахын зэрэгцээ Монгол Улсын Консерваторийн сурагчдад бүтэн өдрийн “мастеркласс” сургалтыг зохион байгуулсан бөгөөд сурагчид дэлхийн хэмжээний шилдэг уран бүтээлчдээс суралцах боломжийг олгосноороо онцлог болсон юм.
Эх сурвалж: Соёлын яам