/2024.03.22/: Хятадад үйлдвэрлэсэн устөрөгчөөр ажилладаг галт тэрэг пүрэв гарагт Хятадын Жилин мужийн Чанчунь хотод туршилтын хурдаараа амжилттай явсныг Global Times сонин мэдээлжээ.
Цагт 160 км-ийн хурдтай галт тэрэг төмөр замын тээврийн салбарт устөрөгчийн эрчим хүчний хэрэглээнд шинэ нээлт хийсэн байна.
Энэхүү галт тэрэг нь олон тооны эрчим хүч хадгалах, устөрөгчийн систем бүхий эрлийз цахилгаан хангамжийн систем, мөн CRRC Changchun-ийн боловсруулсан устөрөгч-цахилгаан эрлийз эрчим хүчний менежментийн стратегийг ашигладаг. Төрөл бүрийн системийг нэгтгэж эрчим хүчний хэмнэлт, уян хатан байдал, найдвартай байдлыг эрс сайжруулснаар 1000 гаруй километр замыг туулж чадна гэв.
CRRC Changchun галт тэрэгний гол бүрэлдэхүүн хэсгүүд болон эрчим хүчний зарцуулалт, найдвартай байдал, зүтгүүр, тоормос, динамик зэрэгт янз бүрийн хурдны түвшинд янз бүрийн туршилт хийсэн байна. Туршилтаар галт тэрэг нь -25 хэмээс 35 хэмийн температурт ажиллах чадвартай гэдэг нь батлагджээ.
Устөрөгчөөр ажилладаг галт тэрэг нь цэвэрхэн, засвар үйлчилгээ хийхэд хялбар, бүтээхэд хурдан, хөрөнгө оруулалт бага шаарддаг байна. Энэ нь өндөр хурдтай, өндөр хүчин чадалтай ажиллах боломжтой бөгөөд хотын төвүүдийг холбоход тохиромжтой ухаалаг аюулгүй байдлын функцуудыг нэгтгэдэг гэж CRRC Chuangchun мэдээлэв.
Хятадын нийт 22 муж төлөвлөгөөндөө устөрөгчийн эрчим хүчийг оруулсан гэж Хятадын хэвлэл мэдээллийн Jiemian мэдээлэв.
Зүүн Хятадын Жэжян муж 2025 он гэхэд устөрөгч цэнэглэх 50 станц барихаар төлөвлөж байна.
Мөн Хятадад устөрөгчийн түлшээр ажилладаг автомашины борлуулалт 2023 онд 5800 ширхэгт хүрч, өмнөх оныхоос 72 хувиар өссөн байна. Арванхоёрдугаар сард сард 1500 ширхэг борлуулалт хийж, өмнөх оны мөн үеэс 149.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: people's daily