/2024.01.18/: Манай цагаар урьд шөнийн 02:00 цагт нээгдсэн Samsung Galaxy Unpacked арга хэмжээний талаарх мэдээллүүд 2024 он гарснаас хойш цацагдаж, шинэ гар утаснуудаас гадна Galaxy AI хиймэл оюуны программ гарах нь гэсэн хүлээлт үүсгэсэн билээ.
Уламжлал ёсоор тэд Galaxy S24, S24+, болон S24 Ultra нэртэй гурван шинэ гар утас танилцуулав. Жил жилд бага сага өөрчлөлт хийгээд явдаг байсан бол энэ жил гар утасны шинэ загварууддаа дорвитойхон өөрчлөлт хийсэн нь илт байна.
Тухайлбал, S24 Ultra загвар нь iPhone 15 шиг титанан материалаар хийгдсэн их биетэй болжээ. Мөн дэлгэцийнхээ хоёр ирмэгийг дугуйруулж хээнцэрлэдэг байснаа энэ жил больж, бүрэн хавтгай болгосон, хүрээг нь 43 хувиар нимгэн болгосон, өмнөх жилийн загвартай харьцуулахад нүүрний камерын хэмжээ 11 хувиар жижиг болсон гэнэ. Мэдээж хэрэг утасны доод талд S-Pen шургуулаастай байгаа.
Гэхдээ нэг зүйл онцлоход, энэ жилийн загварт титанан материал орсноос болоод ч тэр үү, үнэ бол овоо дуулдаж байна. Өнгөрсөн жил S23 Ultra 1200 доллар гэж байсан бол энэ жил 1300 доллараар зарагдах нь. IPhone 15 Por Max нь 1200 доллар, Pixel 8 Prо-ийн үнэ 1000 доллар гээд бодохоор Samsung S24 Ultra чамгүй үнэтэй байгаа нь мэдэгдэнэ.
Ultra загвараас арай жижиг S24 болон S24+ загварууд харин хөнгөн цагаан их биетэй, хавтгай металл хүрээтэй болсон нь iPhone 4 юм уу, iPhone 15 шиг харагдуулж байна. Дэлгэцийн хүрээ нь өмнө жилийнхээс нимгэрсэн, 120Hz давтамжтай дэлгэцүүд нь нарны ямар ч хурц гэрэлд хангалттай их гэрэл ялгаруулж чадах учир гялбаад юм харагдахгүй болно гэсэн ойлголт үгүй юм байна. Үнийн хувьд бол өнгөрсөн жилийн загваруудтайгаа яг ижил буюу S24 нь 800 доллар, S24+ нь 1000 долларын үнээр зарагдана гэжээ.
Дараагийн нэг том шинэчлэл бол программын шинэчлэлтэй холбоотой мэдээлэл байв. Уламжлал ёсоор бол Samsung гар утаснууддаа 4 жилийн турш программын шинэчлэл нийлүүлж, сүүлийн үеийн загварууд дээр гарч байгаа шинэ функцүүдийг хэрэглэх боломж олгодог байсан бол энэ жилээс эхлэн Google компанийн программын шинэчлэлтэй адилаар 7 жилийн турш программын шинэчлэл санал болгоно гэдгээ мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, S22+ гар утсанд 2026 он гартал One UI болон Android OS үйлдлийн системийн шинэчлэл хийгээд, тэрнээс цааш программ нь ахиж шинэчлэгддэггүй байсныг 2029 он хүртэл сунгалаа гэж жишээлмээр юм уу даа.
Apple компанид энэ талаар тухайлан заасан бодлого чиглэл байхгүй ч iPhone Х гар утас iOS 11-ээс iOS 16 хүртэл шинэчлэгдсэн гээд бодохоор өмнө нь тэд Samsung-аас илүү урт хугацаанд хуучин гар утаснуудаа “эргэж тойрдог” байсан гэсэн үг юм.
АНУ-д зарагдах шинэ загварын Galaxy гар утаснууд Snapdragon 8 Gen 3 чипээр тоноглогдсон байх нь. Өнгөрсөн жил Samsung болон Qualcomm компаниуд хоорондоо онцгой тохиролцоо хийж, улмаар S23 загваруудад "Snapdragon 8 Gen 2 for Galaxy" нэртэй арай илүү хүчин чадалтай чип суулгаж байсан бол энэ жил ч мөн адил "Snapdragon 8 Gen 3 Mobile Platform for Galaxy" чиптэй S24 загварууд зөвхөн АНУ-н зах зээлд нийлүүлэгдэнэ. Өнгөрсөн жилийнхээсэээ энэ чип нь 30 хувиар илүү хурд, хүчтэй гэсэн мэдээллийг Qualcomm компани сайт дээрээ байршуулсан байгаа.
Харин бусад улсуудад нийлүүлэгдэх шинэ загварын гар утаснууд нь Samsung-ийн өөрийн үйлдвэрийн Exynos чиптэй гарна гэж ойлгохоор байна. Гэхдээ нэг ялгаа байгаа нь S24 Ultra загвар хаана нийлүүлэгдэж байгаагаас үл хамааран Snapdragon чиптэй байх бол S24, S24+ загварууд нь хаана зарагдаж байгаагаасаа хамаараад Snapdragon, эсвэл Exynos чиптэй байх нь.
Энэ жилийн Ultra загвар ардаа 4 камертай болжээ. Үндсэн камер нь 200 мегапиксель нягтралтай бол, 5х оптик таталттай 50 МП, 3х оптик таталттай 10 МП болон 12 МП нягтралтай хэт өргөн өнцгийн (ultrawide) гэсэн камеруудтай болсон байна. Харин нүүрний камер нь 12МП нягтралтай. Нэг хачирхалтай зүйл байгаа нь өмнөх жилүүдийн Ultra загварт суудаг байсан 10х таталттай линзийг энэ жил хассан тул хэдийгээр танилцуулга дээрээ 5 дахин дүрсийг татаж ойртуулна гэж байгаа ч дүрсний чанар тийм ч сайн биш байвал бүү гайхаарай гэсэн үг юм. AI zoom ашиглаж, дүрсийг 100 дахин татаж ойртуулах боломжтой хэдий ч зурагны нягтралгүй, бүрсийсэн дүрс байх магадлал маш өндөр.
Galaxy Unpacked арга хэмжээний хамгийн гол анхаарал татсан хэсэг нь яах аргагүй хиймэл оюун ухаанд суурилсан программ хангамж байсан билээ. Хиймэл оюун ухаанд суурилсан олон үйлдлүүдийг шинэ загварын гар утаснууддаа шингээж өгсөн гэдгээ Samsung мэдэгдсэн.
Энэ удаа танилцуулагдаж буй Galaxy S24, S24+ болон S24 Ultra гар утаснууд нь бүгд өөр дээрээ суусан болон cloud орчин суусан AI программ ашиглах бөгөөд, жишээ дурдвал, Samsung утасны keyboard-ны "Chat Assist" үйлдэл нь хэрэглэгчийн бичсэн текстийн утгыг алдуулахгүйгээр ярианы өнгө аясыг өөрчилж, “мэргэжлийн” эсвэл “хөгжилтэй энгийн” байдалтай болгож өөрчлөх ажээ.
Яг үүнтэй адилаар Notes аппликэйшн нь хэрэглэгчийн оруулсан тэмдэглэлүүдийг өөр форматад оруулж, засварлах чадвартай болсон, утасны дуудлага хийж байхад утас таны яриаг орчуулах буюу нөгөө хүний яриаг шууд орчуулах боломжтой болсон, бас Voice Recorder аппликэйшн нь хэд хэдэн хүний харилцан яриаг бичиж аваад, яригдсан сэдвийг тоймлох чадвартай болсон гэх зэргээр хиймэл оюуны чадавхийг ашигласан шинэ боломжуудтай болжээ.
Мөн "Browsing Assist" функц нь Samsung браузерээр үзэж байгаа вэбсайтын товч агуулгыг тоймлох чадвартай болж, фото зураг, ойр зуурын богино видео зэргийг AI ашиглан засах, өөрчлөх шинэ үйлдлүүд нэмэгдсэн нь Samsung шиг программ хангамж тал дээрээ тийм ч хүчирхэг бус компанийн хувьд яах аргагүй шинэлэг дэвшил болж байна.
Samsung Galaxy S24 цувралын гар утаснуудын урьдчилсан захиалга 1-р сарын 31-нээс эхэлнэ.