“ЭТТ“ ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ЭЗБХ дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ЭТТ“ ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг ЭЗБХ дэмжлээ

/2023.12.22/: Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Улсын Их Хурлын 2023 оны 08 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр эзэмшүүлэх асуудлыг судалж, танилцуулах; 2021, 2022 онд 1072 ширхэг хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэдэд хувьцааны ногдол ашгийг нөхөн олгох асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна.

Энэ дагуу дээрх тогтоолын төслийг боловсруулсныг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.

Төсөлд

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэн бүрд адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөргүй эзэмшүүлэх,
  • 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд шинээр эзэмшүүлэхээр;
  • 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хойш төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны оногдох хувийг эзэмшүүлж байхаар;
  • эзэмшлийн хувьцааныхаа зарим хэсгийг, эсвэл бүгдийг худалдсан, суутган тооцуулсан Монгол Улсын иргэд хүсэлт гаргасан тохиолдолд нэрлэсэн үнээр буюу 933 төгрөгөөр буцаан худалдан авах боломжийг бүрдүүлэх;
  • иргэн нас барсан, Монгол Улсын харъяатаас гарсан тохиолдолд хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасагдаж байх зэрэг асуудлыг тусгажээ.

Тогтоолын төсөлд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг шинээр эзэмшүүлснээр нийт хувьцааны 27.6 хувийг Монгол Улсын иргэд эзэмших урьдчилсан тооцоолол байгаа гэлээ.

Цаашид нийт хувьцааны 34 хүртэл хувьд багтаан 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс шинээр төрсөн болон харъяат болсон Монгол Улсын иргэн бүрд оногдох хувьцааг эзэмшүүлж байхаар тусгажээ.

Засгийн газраас томилогдсон бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат дараах мэдээллийг өгөв.

2023 оны III улирлын байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгө 19.3 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа аж. Өр төлбөрийн тухайд 2022 оны аравдугаар сард 4.3 их наяд төгрөг байсан бол 2023 оны III улирлын байдлаар 3.2 их наяд төгрөг болжээ. Урьдчилж олсон орлого буюу 603 сая ам.долларыг 2023 оны есдүгээр сард бүрэн барагдуулжээ.

Иймд борлуулж байгаа нүүрсний орлогоо 100 хувь авч байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Улсын Их Хурал, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу компанийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын шалгалт оруулаад байгаа бөгөөд хувьцааны 34 хувийн ил тод, нээлттэй байдлыг хангах чиглэлээр онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ. Одоогийн байдлаар тус компанид нууц болон нууцын зэрэглэлтэй ямар нэг гэрээ байхгүй гэдэг мэдээллийг бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат өглөө.

Байнгын хорооны хуралдаан санал хураалтаар үргэлжиллээ. “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 58.8 хувь нь дэмжив.

Иймд Эдийн засгийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаан танилцуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: УИХ

Прагийн их сургуульд зэвсэгт этгээд 14 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулжээ
Прагийн их сургуульд зэвсэгт этгээд 14 хүний аминд хүрч, 25 хүнийг шархдуулжээ
 
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Бага тойруугийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.