Д.Амарбаясгалан: “ЭТТ“ ХК-ний хувьцааг МУ-ын иргэн бүрт олгож, ногдол ашгийг жил бүр олгоно
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Амарбаясгалан: “ЭТТ“ ХК-ний хувьцааг МУ-ын иргэн бүрт олгож, ногдол ашгийг жил бүр олгоно

/2023.12.20/: Засгийн газрын өнөөдрийн хуралдаан болж өнгөрлөө.

Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар МУ-ын сайд Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх асуудлыг шийдвэрлэх УИХ-ын тогтоолын төслийн нэн яаралтай горимоор хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар болж байна. Тухайлбал 2010 оны долоодугаар сарын 7-ны өдөр гарсан УИХ-ын 39-р тогтоолоор ЭТТ ХК-ний 50 хүртэлх хувийг иргэн, ААН-д эзэмшүүлэх, ингэхдээ эхний ээлжинд 20 хувийг нь иргэдэд, 10 хувийг нь гадаад дотоодын хөрөнгийн биржээр ААН-үүдэд хувьцааг эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Үүний дараа 2012 онд мөн хувьцаа эзэмшихтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрөөс өмнө төрсөн МУ-ын иргэдэд хувьцаа эзэмшүүлэх буюу 20 хувийг хувьцааг эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж, өнөөдрийг хүртэл явж иржээ.

Энэ оны нэгдүгээр сарын 08-ны өдөр УИХ-аар батлагдсан, ЗГ-т үүрэг чиглэл болгосон тогтоол гарсан байгаа. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн МУ-ын иргэдэд ЭТТ ХК-ний хувьцааг эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг чиглэлийг өгсөн. Мөн МУ-ын Ерөнхийлөгчийн зүгээс МУ-ын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж нөхцөлийг хангах ёстой гэсэн чиглэлийг өгсөн.

Уг тогтоолын төсөлд 4 зүйл агуулагдаж байна.

1. ЭТТ ХК-ий хувьцааны 34 хувийг Монголын нийт ард иргэд бүрэн эзэмшиж байх шийдвэрийг гаргаж байна.

МУ-ын 2.5 сая орчим иргэн 18.04 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн мөн МУ-ын иргэн харьяат болсон иргэддээ хувьцааг жигд хүртээх шийдвэрийг гаргахаар тогтоолын төслийг өргөн барилаа.

2. ЭТТ ХК-ний хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр МУ-ын иргэн болсон харьяат улсын иргэдээ шууд хувьцаа эзэмшигч болгодог байх тогтолцоог УБЕГ-тай хамтран бий болгох асуудал.

3. Энэ хувьцаа бол өвлөгддөггүй, хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй, хоёрдагч зах зээл дээр гардаггүй учраас МУ-ын иргэнээс хасагдсан болон нас барсан тохиолдолд хувь хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг хийнэ.

4. 2015 онд Сайн хувьцаа гэж тухайн үеийн Засгийн газраас гаргаж тодорхой тооны ахмадууд, оюутнууд, зарим төрийн албан хаагчдад НД төлөх, тэтгэврээ урьдчилж авах хэлбэрээр хувьцааг нь худалдаж авсан. Тэгвэл өнөөдрийн өргөн барьж байгаа тогтоолоор тухайн үед худалдаж байсан нэрлэсэн ханшаараа нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцож 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоогоор хувьцаагаа худалдаж авах боломжийг олгоно.

Өнөөдрийн энэхүү тогтоол УИХ-аар батлагдсантай холбогдуулаад цаашдаа жил бүр ЭТТ ХК-ний хувьцаа ноогдол ашиг тогтмол олгогддог болох. Ноогдол ашигийг ЭТТ ХК-ний үйл ажиллагаатай холбож илүү өндөр ханшаар олгогддог байх боломж нөхцөлийг бүрдүүлэх нь чухал хэмээн үзэж байна.

2022 онд ЭТТ ХК 1,6 их наяд орчим төгрөгийн нийт ашигтай гарсан. 2023 оны тайлан гараагүй байна. Тэгэхээр нэг ёсондоо жилийн ашгаасаа хувьцаа эзэмшигчдэд оногдож байгаа хувьтай тэнцүүлэн хангалттай хэмжээнд авдаг болох боломжийг нээж байгаа гэсэн үг.

УИХ-аар тогтоолын төсөл батлагдсан тохиолдолд ЗГ хуралдаж 2022, 2023 оны ЭТТ ХК-ний ашгийн 34 хувийг иргэдэд хувиарлах асуудлыг хэлэлцэнэ" гэв.

С.Амарсайхан: Малчдаас мал, мах худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
С.Амарсайхан: Малчдаас мал, мах худалдан авах ажиллагааг эрчимжүүлэхэд 100 тэрбум төгрөг зарцуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.