/2023.10.18/: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар танилцууллаа. Тэрбээр,
Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан талаарх танилцуулгыг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Энэ анхдагч хуулийн төслийг дагалдуулж 27 хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг боловсрууллаа. Өнөөдөр МУ-ын хүн амын 43 хувь нь улсын нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувь дээр амьдарч байгаа. Улаанбаатар хотод бүртгэлтэй 680 мянган тээврийн хэрэгсэл байна. 2022 онд МУ-ын гаалиар 99 мянган тээврийн хэрэгсэл орж ирснээс 94283 тээврийн хэрэгсэл нь Улаанбаатар хотод бүртгэгдэж замын хөдөлгөөнд ачаалал нэмжээ.
Энэ оны эхний 9 сарын байдлаар МУ-д нийт 90 тээврийн хэрэгсэл импортооор орж ирснээс 86 мянга нь мөн хөдөлгөөнд нэмэгджээ. Бид сүүлийн жилүүдэд түгжрэлийг бууруулах гэж автозамын сүлжээнд тасралтгүй хөрөнгө оруулснаар автозамын сүлжээ нэмэгдэж байгаа хэдий ч гаалиар орж ирж байгаа энэ их тээврийн хэрэгслийн ачааллыг дийлэхгүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Улаанбаатар хотын автозамын сүлжээний даацад тохируулж автомашины дугаар олголтын дээд хязгаарыг НИТХ батлах, одоо автомашины дугаар эзэмшиж байгаа иргэдийн хувьд өөрийн автомашины дугаараа бусдад худалдаалах, барьцаалах, бэлэглэх эрхзүйн орчиныг бүрдүүлье. Улаанбаатар хотод бүртгэлтэй автомашиныхаа дугаарыг салгаж бусдад худалдаалах, автомашинаа хөдөө орон нутагт худалдан борлуулах зохицуулалтыг бий болгох агуулга бүхий автозамын түгжрэлийг бууруулах, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийг орон сууцжуулах агуулгатай хуулийн 1 дахь үндсэн зохицуулалтыг оруулж ирж байна.
Хоёрдугаарт, Улаанбаатар хотод замбараагүй, төлөвлөлтгүй барилга байгууламж барих явдлыг хязгаарлах зохицуулалтыг оруулж ирж байна. 2000 оноос хойш гэр хорооллыг барилгажуулах тодорхой ажлууд хийгдсэн. Үүний сөрөг дүнд төлөвлөлтгүй барилгажилтаас болж Сэлбэ голын эрэг орчим болон Яармагийн дэнж орчим бетонон ширэнгэ болсон. Одоо Дөлгөөннуур, Дэнжийн мянга орчмыг мөн ийм байдалтай болгож байна. Ийм учраас бид Улаанбаатар хотын барилгажилт, ерөнхий төлөвлөгөө, түүнд нийцсэн орон сууцны стандарт нормуудыг тогтоож архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилга эхлүүлэх зөвшөөрөл олгогдоод байгаа 1500 гаруй нэгж талбар бүхий барилгажилтын ажлыг хязгаарлах, царцаах, цаашлаад нэгэнт төрөөс олгогдсон зөвшөөрөл бүхий газруудыг хотын стандартын дагуу өөр төлөвлөгөө бүхий газруудад шилжүүлэх байдлаар хоёр дахь хүндрэлтэй асуудлаа зохицуулалтыг энэхүү төсөлд оруулж байна.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын агаарын бохирдол хамгийн дээд цэгтээ хүрээд байгаа. Гэсэн хэдий ч нэмж Улаанбаатар хотын хэмжээнд газар олгосоор байгаа асуудлыг энэ хуулиар зогсоохоор шийдвэрлэлээ. Өөрөөр хэлбэл цаашид Дүүргийн Засаг дарга газар олгох эрхзүйн зохицуулалтыг хязгаарлаж байна. Энэ нь төвийн зургаан дүүрэг дээр хамаарна. Захын гурван дүүрэг цаашид хэвийн газар олгоно. Зөвхөн 5 тохиолдолд Нийслэлийн Засаг дарга газар олгохоор оруулсан.
- Төр бүтээн байгуулалт хийх зорилгоор эмнэлэг, сургууль, цэцэрлэг барих тохиолдолд
- Төр хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хэрэгжүүлэх үүднээс
- Зөвхөн хотын ерөнхий төлөвлөгөөний дагуу дуудлага худалдаагаар газар олгоно
- Дахин төлөвлөх буюу гэр хорооллыг барилгажуулах бүсэд өртөгдсөн ААН-үүдтэй хэлэлцээр хийж төлөвлөгөөний дагуу нүүлгэн шилжүүлэх зорилготой газар олгоно
- Царцаагдсан барилга байгууламжид урьд олгогдсон газрыг дахин төлөвлөгдсөн бүсэд шилжүүлэн суурьшуулахтай холбоотой газар олгоно
Дөрөвдүгээрт, Саяхан болсон автобус худалдан авалттай холбоотой маш олон албан тушаалтан чөлөөлөгдөж эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Худалдан авах ажиллагааг зөвхөн төрийн байгууллагуудын түвшинд хийгдэж байгаа нь том алдаа гэж бид харж байна. Тендерийн жишиг баримт буюу бичиг баримтыг боловсруулах стандарт шаардлагыг боловсруулах ажлыг энэ шинэ хууль болон худалдан авах ажиллаагааг дагаж байгаа хуулиар цаашид мэргэжлийн холбоодод шилжүүлье гэж оруулсан. Тендерийн жишиг баримтын дагуу үнэлгээний хороодууд сонгон шалгаруулалтаа хийж хяналт тэнцлийг бий болгох харилцааг нийслэл хотын хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, дүүргүүдийн худалдан авах ажиллагааны газруудын зарим орон тоог цомхотгох замаар мэргэжлийн холбоодуудад шилжүүлэх зохицуулалтуудыг оруулж ирлээ.
Тавдугаарт, Бүх том төсөл хөтөлбөрүүд газар чөлөөлөлтөөс болж зогсонги байдалд орсон. Газар чөлөөлөлттэй холбоотой харилцааг Газрын тухай хууль болон салбар хуулиудад төдийлөн нарийвчлан зохицуулаагүйгээс болж томоохон төсөл хөтөлбөрүүд иргэд, ААН-үүдийн хэлсэн үнэтэй зохицохгүй байгаа учраас орон сууцжуулах ажил ижил стандартын дагуу явагддаггүй, инженерийн шугам сүлжээ татах, зам барих ажлууд бүхэлдээ зогсонги байдалд орлоо. Ийм учраас энэ хуулийн төслөөр газар чөлөөлөлттэй холбоотой харилцаан дээр томоохон зохицуулалтуудыг оруулж ирж байна.
Тухайн нөлөөллийн бүсэд орсон иргэн, ААН, байгууллагуудын 65-аас дээш хувийн дэмжлэг авсан тохиолдолд газар чөлөөлөлтийг албадан гүйцэтгэх, нөхөн олговрыг тухайн иргэн, ААН, байгууллагуудад тэр дор нь олгох зохицуулалтыг оруулж ирлээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр газраа чөлөөлж өгсөн ч орон байраа алдсан тохиолдлуудад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр дахин төлөвлөлтийг нэгдсэн журмаар хотоос газрыг нь чөлөөлж айлуудыг орон сууцыг нь хашаа, орон сууцаар солих зохицуулалтыг мөн орууллаа.
Бид иргэдэд инженерийн шугам сүлжээ татагдсан гэр хорооллыг орон сууцжуулахад бэлтгэл хангагдсан тодорхой бүсүүдэд иргэд, ААН-үүдэд 3 төрлийн санал тавьж 65-аас дээш хувийн санал авсан тохиолдолд уг газар чөлөөлөлтийн ажлыг гүйцэтгэх нөхцлүүдийг оруулж ирж байна.
- Газрыг бэлэн мөнгөөр сольж худалдаж авах
- Түр орон сууцанд шилжүүлж дараа нь тухайн байршилд баригдсан орон сууцыг өмчлүүлэх
- Бэлэн орон сууцаар газар, обьектыг солих
Мөн хотын стандартыг нарийвчилж тогтоож байна. Жишээ нь орон сууцны 1 давхрыг зориулалт бусаар өөрчилж үйлчилгээний зориулалттай болгохыг хоригло, Төв магистраль гудамж, зам дагуу хориглосон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох зохицуулалтыг оруулж ирж байна.