/2023.10.18/: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Бүх нийтийн соёлын боловсрол” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд хэрэгжсэн "Нүүдлийн соёлын боловсрол” олгох зуслангийн сургагч багш нар батламжаа гардан авлаа.
Энэхүү хөтөлбөрийг Соёлын яам, Гадаад харилцааны яам, ЗГХА-Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс, Дэлхийн Мөрөөдлийн сургууль, Монголын Үндэсний зуслангуудын холбоо, СУИС-ийн Соёлын сургууль хамтран хэрэгжүүлэв.
Сургагч багш нар нүүдлийн соёл, өв уламжлал, зан заншил, нүүдэлчин ахуйн талаарх ойлголтыг хүүхэд багачуудад олгох онол, арга зүйн мэдлэг эзэмшиж, цаашид Монгол ахуйн соёлын онцлог, хэл соёлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, гарын авлага, ном товхимол, хичээлийн контентуудыг үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх юм.
Сургалтыг Монголын шилдэг доктор, профессор багш нар танхим болон цахим хосолсон хэлбэрээр орсон ба хилийн чанад дахь Монголчуудын зөвлөлийн боловсролын хороо, АНУ, Швед, Чех, Герман, Канад, Австрали, Япон, Солонгос, Тайвань зэрэг орон дахь Монгол сургуулиудын багш нар, нийслэл болон 21 аймгаас сонгогдсон нийт 60 багш хамрагдсанаараа онцлог үр дүнтэй болов.
Эх сурвалж: БШУЯ