/2023.10.06/: Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд сайд Б.Бат-Эрдэнэ тус улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай санамж бичиг байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм.
БНСУ-ын Бие бялдрын хөгжлийн түвшин тогтоох сорилын төвөөс иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох чиглэлд сүүлийн арван жил ахиц гаргаж, иргэдийнхээ бие бялдрын хөгжлийн түвшинг тодорхойлох 72 сорилын төв байгуулж, жил бүр 20 мянга гаруй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн хийлгэж байгааг Элчин сайд дуулгав.
Тус мэдээллийг нэгтгэснээр идэвхтэй хөдөлгөөн хийж буй иргэдийн тоо болон эерэг, сөрөг өөрчлөлтийг хянахаас гадна хуримтлуулсан мэдээллээ судалгаа шинжилгээний ажилд өргөнөөр ашиглах боломж бүрддэг тул орчин үеийн сорилын төвийг аймгийн төв, нийслэлийн дүүргүүдэд шинээр байгуулахад БНСУ-тай хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ.
Түүнчлэн манай улсын нийтийн биеийн тамир, спортын салбарт спортын эмч, физиотерапист, спорт сэтгэл зүйч, хоол зүйч, нийтийн дасгал хөдөлгөөний арга зүйч, спортын эдийн засагч, зах зээл судлаач, эвент зохион байгуулагч, нийтийн арга хэмжээний маркетингийн мэргэжилтэн зэрэг чиглэлээр гадаадын их сургуулиудад оюутан, залуусыг сургаж, үндэсний боловсон хүчин бэлтгэх асуудал нэн чухал байгаа учир тус улсын боловсролын байгууллагуудад хандан БНСУ-ын Засгийн газрын тэтгэлээр бакалавр, магистрын түвшинд бэлтгэхэд туслалцаа дэмжлэг чухал байгааг тэмдэглэв.
БНСУ-ын Спорт хүрээлэнтэй хамтран орчин үеийн спортын шинжлэх ухааныг Монгол улсад хөгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байна.
Тухайлбал, Спортын шинжлэх ухааны шинэ төвийг байгуулан материаллаг бааз болон боловсон хүчний хувьд олон улсын спортын шинжлэх ухааны байгууллагын өнөөгийн түвшинд хүргэхэд бүх талын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх, спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааны хамрах хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах, хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах боломжууд байгааг онцоллоо.
Спорт анагаах ухаан, нөхөн сэргээлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол бүхий спорт цогцолборыг хамтад нь байгуулах сонирхол их байгаа боловч санхүүжилтийн асуудал тодорхойгүй болоод байна.
Монголын талаас спорт цогцолборын иж бүрэн зураг төслийг боловсруулсан, загвар зураг, архитектур-төлөвлөлтийн даалгаврыг баталгаажуулсан, Нийслэлийн Засаг даргын 2020 оны захирамжаар Хан-Уул дүүрэг дэх 10 га газрын асуудлыг шийдвэрлэсэн, цахилгаан, цэвэр, бохир ус, холбооны техникийн нөхцөлүүдийг авсан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг 2022 онд хийлгэсэн зэрэг ажил гүйцэтгэсэн юм. Энэ төсөл дээр хамтран ажиллах, солонгосын талаас дэмжлэг авах боломжуудыг судлах, хамтран шийдвэрлэх хүсэлтэй байгааг чухалчлав.
Элчин сайд эдгээр чиглэлээр Монголын талтай хамтран ажиллах сонирхолтой байгаа ба нарийвчилсан судалгаа хийж, дахин уулзах санал дэвшүүллээ. Уулзалтад БНСУ-ын Элчин сайдын яамны спорт хариуцсан гуравдугаар нарийн бичгийн дарга И Хёна, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга нар байлцав.
Эх сурвалж: БТСУХ