Нээлтээ хийгээд 10 гаруйхан хонож байгаа iPhone 15 загварын гар утас нь хэт их халж байна гэсэн гомдол худалдан авагчдаас ирэх болсон тул компанийн зүгээс шуурхай ажиллан, уг асуудлыг засах программ хангамжийн шинэчлэл буюу update-ийг ойрын хугацаанд бэлэн болгоно гэж мэдэгдэв.
Учир нь гар утасны хэт халалт нь программ хангамжийн, тодруулбал, iOS 17 үйлдлийн системийн алдаа болон шинэ гар утсанд хийгддэг тохиргооноос үүдэлтэй гэж тэд оношилжээ.
CNBC сайтын асуултад Apple-ийн хэвлэлийн төлөөлөгч хариулахдаа:
“iPhone утсыг хэвийн хэмжээнээс илүү халааж байгаа асуудлыг бид тодорхойлсон. Гэхдээ энэ нь дөнгөж шинэ гар утас аваад тохируулга хийх үед л тохиолдож байгаа. Учир нь цоо шинэ төхөөрөмж дээр өмнөх гар утасны тохиргоо, хадгалсан мэдээллүүд зэргийг суулгах үед гар утас нүднээс далд маш их хэмжээний боловсруулалт хийж байдаг. Мөн iOS 17 үйлдлийн системийн программд ч бид алдаа олсон тул update хийх замаар энэ асуудлыг шийдэх болно. Гуравдагч талын буюу өөр бусад компанийн бүтээсэн зарим аппликэйшн ч системийн ачааллыг өсгөж байгааг бид илрүүлсэн бөгөөд эдгээр программын хөгжүүлэгчидтэй хамтран ажиллах замаар алдааг арилгана” гэсэн байна.
iPhone 15 гар утсыг худалдан авагчид хамгийн анх Apple Forum, түүнчлэн Reddit болон бусад олон нийтийн сүлжээний платформуудаар дамжуулан гар утас нь цоо шинээрээ хэт халж байгаа талаар гомдоллох болсон юм. CNBC сайт ч iPhone Pro загварыг ажиллуулж шалгаад, хэт халж байгаа талаар мэдээлж байсан билээ. Зарим хэрэглэгчид бүр шинээр авсан утас нь удаан атгахын аргагүй болтол халж байгаа талаар гомдол бичсэн байв.
Шинэ загварын гар утасны хүчин чадал өндөртэй хувилбарууд болох iPhone 15 Pro (999 ам.доллар) болон iPhone 15 Pro Max (1199 ам.доллар) нь шинэчлэгдсэн титанан гэр, хөнгөнцагаан хүрээтэй үйлдвэрлэгдэж байгаа ба Apple компанийн зүгээс өгсөн тайлбарт энэ хэт халалт нь шинэчлэгдэн металл их биетэй огт хамааралгүй гэжээ.
Apple-ийн вэбсайтад гар утсыг дөнгөж шинээр аваад тохируулга хийх, утасгүй цэнэглэгчээр цэнэглэх, график өндөртэй тоглоом тоглох, өндөр нягтралтай видео стрийминг хийх зэрэгт халалт тохиолдоно гэсэн анхааруулга нийтлэгдсэн байдаг. Тиймээс эдгээр төрлийн хэрэглээний үед халах, бүлээсэх нь хэвийн зүйл бөгөөд гар утас өөрөө хэт халалтын анхааруулга өгөөгүй байгаа цагт үргэлжлүүлэн ашиглахад асуудалгүй гэжээ.
Эх сурвалж: cnbc.com