/2023.10.02/: УИХ-ын намрын чуулган өнөөдөр нээлтээ хийнэ.
Хэлэлцэх асуудлаа бүлгийн хурлаараа ярьж баяр ёслолын байдалтай эхэлдэг чуулган энэ удаад Монгол ардын намынхныг халуухан сэдвүүдтэйгээр нүүр тулсан уулзалт хийлгэх нь.
Зунжин нэгэндээ зориулсан сюрпризээ нүүр тулан тайлагнана.
Эхний сэдэв намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай холбогдоно.Түүний талаар олон улсын хэвлэлд маш ноцтой баримт бүхий мэдээлэл гарсаныг намын нөхөд нь зүгээр орхихгүй асууж таарна.
Хамгийн сүүлд өнөөдөр өглөө Улаанбаатар хотод нийлүүлэгдсэн шахмал түлшний асуудалтай ЗГХЭГ-ын даргатай холбоотой баримтууд олон нийтэд ил болж байна. Энэ ч бас яригдах сэдэв.
Хоёр дох сэдэв хотын дарга, түгжрэлийн сайд нарт хаяглагдана. Ногоон автобусны дуулиан олон нийтийн дургүйцэлтэй нэгдэн сандаргаж байна. Хотын дарга Д.Сумьяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нарыг улс төрийн хувьд арчингаа алдаж байгаа тендэрийг зохион байгуулагч, нийлүүлэгчдэд хатуухан хариуцлага тооцох нь тодорхой. Хотын тээвэр дамнасан олон жилийн булхай илэрнэ.
Гурав дах асуулга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд илүү хамаатай. Шилэн ажиллагаа шилэн байж чадаж байгаа юу? Өнөөдөр Эрдэнэс таван толгой компанийн гадаа цугласан нөхөд шилэн ажиллагааны мөн чанарыг асуусан. Нүүрстэй холбоотой бүхий л баримтуудыг шилэн болголоо гэж мэдэгдсэн боловч одоо хэр нь ил болоогүй илүү ноцтой гэрээнүүдийг авч үлдсэн гэх. / Бодь групп, Норинко / Эдгээрийг нэхэх нь цаг хугацааны асуудал. Түүнийг үнэтэй брэндийн куртик өмссөн эсэх тухай шүүмжлэл бол зүгээр л “аксессуар” төдий олон нийт түүнээс илүү том зүйл “асууж” мэдэх юм.
Дөрөв дэх сэдэв хамгийн чухал УИХ-ын дарга Г.Занданшатарт чиглэгдэнэ. Тэр чухам юу хийчихэв ээ? Ойлгож амжаагүй байтал дуулианууд ар араасаа гарч мартагнуулав. ОХУ-д хийсэн түүний айлчлал парламент хоорондын хамтын ажиллагаа. Нэгэн цагт УИХ-ын хэлэлцэх асуудлын жагсаалтыг чинь авч баймаар байна гэж эрээ цээрээгүй хүсч байсан тухайн үеийн элчин сайд А.Азизовын хүсэлтийг биелүүлчихэв үү гэх хардлага. Ээлж дараалсан хөрш орны томчуудын “ИРЭЛТ”.
Тэр ч бас үүнийгээ тайлбарлах ёстой. Жич. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өнөөдөр УИХ-ын чуулган нээлтээ хийнэ. Үүний дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл хуралдах нь. Хуралдааны сэдвүүд нэг иймэрхүү байх болов уу. Дуулианаас дуулианд мартагнуулаад байгаа болохоос биш ийм чухал асуудлууд байна.