/2023.8.22/ "Монголын Органик ногоон хүнсний холбоо" ТББ- аас “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг энэ сарын 26, 27-ны өдрүүдэд Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн фестиваль нь дэлхий дахинд наймдугаар сарын 26-нд тэмдэглэдэг “Төрөл зүйлээр ялгаварлахыг зогсоох Дэлхийн өдөр”-тэй (World Day for the End of Speciesism) хамтатган “ВЕГАН БОЛ ШИЙДЭЛ” уриан дор тэмдэглэж байгаагаараа том онцлогтой юм.
Веган фестивалийн гол зорилго нь олон нийтэд өнөөдрийн дэлхийн дулаарлын хямрал-уур амьсгалын өөрчлөлт, амьтны эрхийн талаар танилцуулна.
Мөн Монгол хүний нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар, хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл зөв хооллох дадал зуршил, цаашлаад хүний экологийн ул мөрийг бууруулах, байгальд ээлтэй ухаалаг хэрэглээг хэвшүүлэх, хог хаягдлыг бууруулах зэрэг тулгамдсан асуудлуудын ШИЙДЭЛ НЬ ЯАГААД ВЕГАН вэ гэдэгт бүрэн хариулт өгч, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг шинжлэх ухааны судалгаан дээр үндэслэсэн тоо баримттай мэдлэг мэдээллийг олон талт байдлаар өгөхөд чиглэж байна.
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын Хороо (IPCC)-оос 2019 онд Швейцарын Женев хотноо дэлхийн засгийн газруудаас баталсан “Уур амьсгалын өөрчлөлт ба газар” тайландаа дэлхийн дулаарлын хямралын эсрэг бодлогын үндсэн хэрэгжүүлэх арга хэмжээ нь мах, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэн даруй бууруулахыг уриалсан байдаг.
Энэхүү тайланд дэлхийн 107 тэргүүлэх эрдэмтдийн бүрэлдэхүүн 7000 гаруй судалгааны үр дүнг үндэслэж ВЕГАН хоол нь нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах хамгийн өндөр үр дүнтэй болохыг тогтоожээ.
Мөн 2021 оны Уур амьсгал & Цэвэр агаар эвсэл, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн тайланд хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй метан хийн ялгарлыг бууруулахын тулд мах, сүүний хэрэглээг нэн даруй бууруулах хэрэгтэйг тодорхойлжээ .
Харин энэ оны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын комиссын (IPCC) 6 дахь удаагийн үнэлгээний тайланд 200 гаруй эрдэмтэд улс орнуудын уур амьсгалын үйл ажиллагааны цар хүрээ хангалтгүй, эрч хүчийг харгалзан үзвэл энэ зуунд дэлхийн дулаарал аж үйлдвэржилтийн өмнөх үеийнхээс Цельсийн 1.5 хэмээс давж магадгүй гэж 200 гаруй эрдэмтэн ноцтой анхааруулжээ.
Цаашилбал, бид температурын өсөлтийг цельсийн 2 хэмээс доош хязгаарлах нь хүндрэлтэй байх болно. “Бүх нийтээр амьдрах боломжтой, тогтвортой ирээдүйг” хангахын тулд бүх салбар, системд “Хурдан бөгөөд өргөн хүрээтэй” шилжилт хийж дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтыг энэ 10 жилд бараг 50%-аар бууруулах ёстой. Үүнд буурцагт ургамал, бүдүүн үр тариа, хүнсний ногоо, жимс, үр, самар зэрэг веган хүнсний бүтээгдэхүүн, ВЕГАН ХҮНСНИЙ тогтвортой эрүүл хооллолт шийдэл болох бөгөөд нийгмийн эрүүл мэнд, биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэгт чухал ач холбогдолтой, өндөр үр өгөөжтэй гэдгийг дахин онцлон тэмдэглэсэн байна.
Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орон бүрт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн давтамж ихэссэн энэ үед дэлхий дахинд уур амьсгалын өөрчлөлтийг зогсоох, амьтны эрхийг хамгаалах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой ВЕГАН хөдөлгөөн улам бүр эрчимжиж хүчээ авсан юм.
Тэгвэл жилээс жилд цар хүрээ нь өргөжин тэлж ач холбогдол нь өндөр болж буй энэ жилийн “ВЕГАН ФЕСТИВАЛЬ-2023”-ыг ВЕГАН хоол, бүтээгдэхүүн, амттан, гоо сайхны үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчид болон байгаль орчин, органик тариалан, амьтны эрх, йог, биеийн тамир спорт, эрүүл мэндийн чиглэлийн байгууллагууд мөн энэ төрлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд зэрэг 30 орчим байгууллага, аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулж байна.
Олон нийтэд зориулагдсан энэ жилийн фестиваль шинэлэг урлагийн тоглолттой, шагналтай хөгжөөнт тоглоом, сонирхолтой зочдоор дүүрэн, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахыг уриалан бүх нийтэд чиглэсэн баялаг, сонирхолтой хөтөлбөртэйгөөр зохион байгуулагдахаар төлөвлөгджээ.
Сонирхсон хэн бүхнийг амралтын өдрүүдээр зохиогдох энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Эх сурвалж: "Монголын Органик ногоон хүнсний холбоо" ТББ