Хамгийн анхны Land Cruiser АНУ-ын зах зээлд 1958 онд борлуулагдаж эхэлсэн бөгөөд 1961-1965 оны хооронд Toyota компанийн АНУ-д хамгийн их зарагдсан загвар болж байлаа.
Тэр цагаас хойш Land Cruiser бартаат замын аяллын билэг тэмдэг болж, өдийг хүрсэн юм. Тиймдээ ч Toyota компани 2021 оноос эхлэн уг машиныг АНУ-ын зах зээлд зориулж үйлдвэрлэхгүй байх шийдвэр гаргахад олон хүн харамсаж, уг загварын борлуулалт 2020 оны сүүлч болон 2021 оны эхээр эрс нэмэгдэж байжээ.
Гэвч 3 жилийн дараа тэд дээрх шийдвэрээ эргэн харж, ирэх оны загвараа АНУ-д зориулан гаргаж байгаа мэдэгдлээ.
2024 Toyota Land Cruiser(TLC) загвар нь саяхан танилцуулагдсан 2024 оны Lexus GX болон Tacoma загваруудын нэгэн адил TNGA-F их бие дээр суурилагдан бүтээгджээ.
Хайбрид буюу хосолмол хөдөлгүүр, хуучныг санагдуулсан ретро загвартайгаар эргэн ирж буй TLC нь урьд өмнө АНУ-д зарагдаж байсан өмнөх загваруудаасаа хэд хэдэн зүйлээр эрс ялгаатай байгаа юм.
ДИЗАЙН БОЛОН ХЭМЖЭЭ
Өмнөх загвар буюу TLC 200 нь анх танилцуулагдсан цагаасаа хойш буюу 2008 оноос АНУ-д зарагдаж эхэлсэн. Toyota компани 2016 онд уг загвартаа facelift буюу гадна өнгө төрхийн өөрчлөлт хийх хүртэл онц гойд зүйлгүй, байдаг л нэг бандгар жийп явж ирсэн.
2016 оны загварт хийсэн ч өөрчлөлттэй харьцуулахад энэ удаа 200 болон 300 загваруудын дундах гэж тодорхойлж болох TLC 250 загвар нь дизайны хувьд эрс шинэчлэл болж байна. Ташрамд дурдахад TLC 300 загвар нь АНУ-д албан ёсоор борлуулагддаггүй билээ.
TLC 250-ын дөрвөлжиндүү хэлбэр, хуучныг санагдуулсан дүр төрх нь өмнөх загваруудаас ялгаруулж буй хамгийн том дизайны ялгаа нь юм.
Уртаараа өмнөх 200 загвараасаа 3 см-ээр богиносч, 4.91 м урттай болсон ч тэнхлэг хоорондын зай нь ижилхэн 2.82 м байна. Өргөний хувьд мөн л ижилхэн 1.98 м байгаа ч TLC 250 1.96 м өндөртэй болсноор өмнөх загвараасаа 2,5 см намссан гэсэн үг.
Бартаат замын явдлыг тодорхойлогч approach angle-ийн хувьд шинэ TLC 250 нь 30 хэм, break-over 25 хэм, departure angles 22 хэм гэсэн үзүүлэлттэй байна.
200 загварын approach angle 32 хэм, нөгөө хоёр үзүүлэлт 24 болон 21 хэм гэсэн үзүүлэлттэй байв. Эдгээр үзүүлэлтээр юуг илэрхийлдгийг та зураг дээрээс харж болно.
Газраас машины тэнхлэг хүртэлх зай 22 см байгаа нь өмнөх загвараасаа ялимгүй намссан гэдгийг харуулж байна.
ХӨДӨЛГҮҮР
2021 оны TLC 200 автомашин 5,7 литрийн V8 хөдөлгүүрээр, 381 морины хүч, 543 нм мушгих хүч гаргадаг байлаа.
Энэ удаагийн загвар нь 2,4 литрийн 4 цилиндртэй, хайбрид турбо хөдөлгүүрээр тоноглогдсон байна. Хөдөлгүүрийн нийт хүч нь 326 морины хүч болон 630 нм мушгих хүчээр хэмжигдэнэ. Аль аль загвар нь 8 шатлалт хурдны хайрцаг, төвийн дифференциаль бүхий 4 дугуйн хөтлөгчтэй.
TLC 200 -ийн шатахуун зарцуулалт нь EPA стандартаар 100 км-т 16.8 л байсан ба 2024 оны загварын шатахуун зарцуулалт нь тодорхой болоогүй байгаа ч дээрх үзүүлэлтээс бол илүү сайжирсан нь ойлгомжтой гэж бодож байна.
Хүчний тал дээр чирэх үнэмлэхүй даац буюу towing capacity 2700 кг болсон нь TLC 200 загвар 3645 кг байдгаас нилээн буурсан үзүүлэлт гэсэн үг.
ЯВАХ АНГИ
Шинэ Land Cruiser-т ерөнхийдөө 18 инчийн обуд тавигдсан боловч 250 загварын зэрэглэлүүдээс (trim)хамаарч өөр өөр байх боломжтой юм.
Тухайлбал, 1958 нэртэй хамгийн энгийн зэрэглэл нь 245/70R-18 маркийн дугуйтай байх бол үүнээс дээших бусад зэрэглэлүүд нь 265/70R-18 дугуйтай байна.
Энэ нь нийт дугуйны өндөр 83.8 см байна гэсэн үг. Нэмэлтээр 20 инчийн обудны сонголт санал болгож байгаа ч энгийн зэрэглэл буюу 1958-д энэ сонголт хамаарахгүй ажээ. Харин 2021 оны TLC 200 нь 18 инчийн обуд, 285/60 гэсэн дугуйны ганц сонголттойгоор худалдаалагдаж байв.
Харьцуулалт хийгдэж буй загварууд аль аль нь урд талдаа давхар гартай double-wishbone амортизатортой ч шинэ загвар дээр сайжруулалт хийсэн гэж Toyota мэдэгдээд байгаа. Хойд талдаа хоорондоо хамаарах тэнхлэг дээр суусан four-link төрлийн амортизатортой байх юм.1958 зэрэглэлээс бусад TLC 250 автомашинууд нь урдаа цахилгаанаар залгаж, салгадаг тэнцүүлэгчтэй болсон нь урьд өмнөх загваруудад байгаагүй нэмэлт ажээ.
САЛОН
Шинэ загварын TLC салоны хувьд TLC 200 загвараасаа илүү энгийн болсон. Ялангуяа 1958 зэрэглэлийн суудлын бүрээсний материал нь даавуу, суудлын тохиргоо нь гараар хийгддэг зэргээс харж болохоор байна.
Харин 2021 оны загвар нь хагас анилин савхин суудал болон 10 төрлийн автомат тохиргоотой суудалтай байсныг автомашин сонирхогчид сайн санаж байгаа байх.
Гэхдээ илүү дээгүүр зэрэглэлүүд, тухайлбал, Premium Package TLC 250 захиалсан тохиолдолд савхин материалтай, автомат тохиргоотой суудал, HUD, ар талын камертай дижитал голын толь, дээврийн нээлхий зэрэг сонголтуудыг санал болгох юм байна.
Хэдийгээр дотор салоны материалууд арай хямд төрлийн материал хэдий ч шинэ загварын дотоод интерьер, салоны технологиуд бол шинэчлэгджээ.
Өмнөх загвар нь 9 инчийн мэдрэгчтэй дэлгэцтэй байсан бол энгийн зэрэглэл болох 1958 нь 8 инчийн дэлгэцтэй, Toyota-ийн хамгийн сүүлийн үеийн программтай тул Apple CarPlay болон Android Auto системүүдтэй утасгүй холболт үүсгэнэ.
Харин түүнээс дээших зэрэглэлүүд нь 12.3 инчийн том дэлгэц, JBL-ийн 14 ширхэг стерео чанга яригчаар тоноглогдсон байна.
2021 оны загвар нь хойд суудалдаа нэмэлтээр 11.6 инчийн дэлгэц захиалж болдог байсан бол энэ удаа тийм сонголт байхгүй бололтой. Мөн 2024 оны загварт 8 зорчигчийн суудалтай сонголт гэж байхгүй зөвхөн 5 хүний суудалтай байх юм. 1958 зэрэглэлээс бусад сонголтууд урдаа халдаг, хөрдөг суудалтай байх юм.
ҮНЭ
Энэхүү хоёр загварыг харьцуулахад гарах хамгийн том ялгаа нь үнэ байж мэдэх юм. Toyota одоогоор TLC 250 -ыг АНУ-ын зах зээлд борлуулах үнээ албан ёсоор танилцуулаагүй ч урьдчилсан байдлаар эхлэх үнэ нь 50 мянган ам.доллар байх болов уу гэсэн таамаг байна. Энэ нь өмнөх загвараасаа эрс хямдарсан гэсэн үг.
Учир нь 2021 оны TLC 200 загварын эхлэх үнэ 87 мянган ам.доллар байсан тул 30 мянга орчим ам.долларын үнийн өөрчлөлт гэдэг бол мэдэгдэхүйц том ялгаа билээ.
TLC 250-ын дээд зэрэглэлийн автомашинууд нь 60 орчим мянган ам.долларт зарагдах таамагтай байгаа нь ч мөн харьцангуй хямдад тооцогдож байна.
Өөрөөр хэлбэл, өмнөх загвартай харьцуулахад шинэ Toyota Land Cruiser 250-ыг илүү олон хүн худалдан авах боломжтой болж, бартаат замын аяллыг утгаар нь мэдрэх бололцоотой болно гэсэн үг юм
Эх сурвалж: caranddriver