/2023.07.03/: Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын харилцаа холбооны институт (IIC)-тэй хамтран “Mongolia forum” олон улсын зохицуулагчдын хурал, арга хэмжээг 2023 оны долоодугаар сарын 03-наас 07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
“Mongolia forum” олон улсын зохицуулагчдын хурлын 4 дэд арга хэмжээ /сургалт, хэлэлцүүлэг, уулзалт/ зохион байгуулагдах бөгөөд 14 улсын 13 байгууллагын 120 гаруй төлөөлөгч цахимаар болон биечлэн оролцох юм.
Энэхүү арга хэмжээний хүрээнд дэлхийн дижитал холболт, дижитал зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжих, хувийн нууцад зориулсан мэдээллийн хүчтэй засаглалыг хэрэгжүүлэх, орон нутагт хамааралтай медиа контентыг сайжруулах зэрэг сэдвүүдийн хүрээнд нээлттэй хэлэлцэж, тулгамдаж буй асуудал, түүний гарц шийдлийн талаар санал солилцож, олон улсын шилдэг туршлагыг судлах, нутагшуулах зорилготой юм.
“Mongolia Forum” арга хэмжээний хүрээнд:
1. 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Аптайм Институт ХХК (Uptime Institute LLC)-тай хамтран “Дата төвийн стандарт, батламжлал, тогтвортой ажиллагаа” сэдэвт сургалт;
2. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Каллен энтернэйшнл олон улсын судалгааны байгууллагатай хамтран “Европын холбооны цахим орчны зохицуулалт”хэлэлцүүлэг;
3. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Олон улсын зохицуулагчдын дугуй ширээний уулзалт” /зөвхөн олон улсын зохицуулалтын байгууллагын зохицуулагчид/;
4. 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Мongolia Forum” хэлэлцүүлэг, арга хэмжээ тус тус зохион байгуулагдана.