/2023.07.03/: Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл ажлын явцтай танилцлаа
Энэ удаагийн баяр наадмын тасалбар болон автомашины зогсоолын зөвшөөрлийг долоодугаар сарын 1-ний 11.00 цагаас эхлэн худалдаалж эхэлсэн бөгөөд зогсоолын зөвшөөрлийг 1 хүнд 5 хүртэлх тоогоор авч болохоор зохицуулсан бол наадмын тасалбарыг SHOPPY компани хариуцаж, цахимаар худалдаалахаар болсон юм.
Тодруулбал, хоёр өдрийн тасалбар тус тусдаа ENAADAM.mn сайтаар худалдаалагдсан бөгөөд нэг хүнд 2 ширхэгийг худалдаалахаар зохицуулж, нэг өдрийн тасалбар сүүдрэвчтэй нь 50 000, сүүдрэвчгүй нь 40 000 төгрөг байна.
Харин Үндэсний бөхийн салбар хорооноос 40 минутаас дээш хугацаанд барилдаад хаялцаагүй бөхөд барьц сонгуульдаг байсныг энэ жилээс 60 минут болгон сунгасан талаар танилцууллаа. Мөн Хурдан морьдыг гараанд гарахаас өмнө хоёр удаа хэмжилт болон шүдэлгээ хийхээр өөрчилсөн байна.
Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил 80 хувьтай байгаа бөгөөд төлөвлөгөөний дагуу хангагдаж байгаа талаар салбар хороодын дарга нар танилцуулсан юм.
Эх сурвалж: ШСАА